Цаг агаарын хэт хүйтрэлт, томуу, томуу төст өвчний тохиолдлын тоо нэмэгдэж байгаатай холбогдуулан улсын хэмжээнд өмчийн бүх хэлбэрийн ерөнхий боловсролын сургуулийн суралцагчдын 2023-2024 оны хичээлийн жилийн хоёрдугаар улирлын танхимын хичээл, сургалтыг зайн, цахим хэлбэрээр зохион байгуулахаар шийдвэрлэжээ. Уг асуудлаар Боловсролын ерөнхий газраас мэдээлэл хийлээ.
Маргааш буюу арванхоёрдугаар сарын 18-наас 1-5-р ангийн сурагчдын хичээлийг цахимд шилжүүлэх шийдвэр гарав. Харин дунд, ахлах ангийн сурагчдын хичээлийг энэ сарын 25-наас цахимаар хичээллүүлнэ. Өвлийн улирлын амралтыг арванхоёрдугаар сарын 28-наас нэгдүгээр сарын 28-н хүртэл үргэлжлүүлнэ.
БШУ-ы сайдын тушаалд:
- Эцэг эх, асран хамгаалагчдын зүгээс бага насны хүүхдийг ахуйн осол, гэмтэлд өртөхөөс урьдчилан сэргийлж, шаардлагатай арга хэмжээ авах, төрийн болон аж ахуй нэгж байгууллагууд бага насны хүүхэдтэй албан хаагчдадаа маргааш өглөө тодорхой хугацаагаар чөлөө олгож, зайнаас ажиллах боломжийг бүрдүүлэх; /Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас энэ чиглэлээр тодорхой бодлого, шийдвэрийг гаргана/
- Цэцэрлэгийн сургалт, үйл ажиллагааг эцэг эх, асран хамгаалагчийн сонголтод үндэслэн уян хатан зохион байгуулах;
- Дотуур байрын үйл ажиллагааг 2023 оны 12 дугаар сарын 29-ний өдрийг хүртэл хэвийн үргэлжлүүлэх, дотуур байранд амьдардаг сурагчдын хоол хүнсний хангамжийг анхаарч, аюулгүй байдлыг хангах, цаг агаарын болон өвөлжилтийн нөхцөл байдлыг урьдчилан судалж, сурагчдыг эцэг эх, асран хамгаалагчдад хүлээлгэн өгөх;
- Цаг агаар эрс хүйтрэх, томуу, томуу төст өвчний тархалт өндөр байх төлөвтэй байгаа тул сурагчдыг олноор цуглуулсан үйл ажиллагаа (шинэ жил тэмдэглэх, урлагийн наадам, уралдаан тэмцээн, амралт, зугаалга гэх мэт) зохион байгуулахгүй байх;
- Анги танхимын дулаан алдагдлыг бууруулах арга хэмжээ авах, хөлдөх эрсдэлээс сэргийлэх, амралтын хугацаанд хариуцлагатай эргүүл, жижүүр томилон ажиллуулах;
- Төсөлт ажил, гэрийн даалгавар, бие даалттай холбоотой болон урлаг, спортын арга хэмжээ зохион байгуулах нэрийдлээр суралцагч, эцэг эх, асран хамгаалагчдаас аливаа хэлбэрийн төлбөр, хураамж авах, санхүүгийн хүндрэл үүсгэхээс сэргийлж, анги удирдсан багш, эцэг эхийн зөвлөлийг зөвлөмжөөр хангаж ажиллах;
- Нийт суралцагч, эцэг эх, асран хамгаалагчдад халдварт өвчнөөс сэргийлэх, осгох, төөрөх, ахуйн осол гэмтэлд өртөхөөс өөрийгөө болон гэр бүлийнхнээ хамгаалах, анхааруулах зөвлөмжийг тогтмол өгөх гэж тусгажээ.