УОК-ын Эрдэмтдийн зөвлөлийн гишүүн О.Батбаяр “БНСУ-д өдөрт бүртгэгдэх тохиолдлын тоо эрчимтэй нэмэгдэж байна. Өдөрт дунджаар 100.000 орчим тохиолдол бүртгэгдэж байгаа. Цаашид өдөрт бүртгэгдэх тохиолдлын тоо 200.000 хүрнэ гэж мэдэгджээ. Мөн ОХУ-д өдөрт бүртгэгдэх тохиолдлын тоо нэмэгдэж байна.
Цар тахал нь пандемикаас эндемик буюу нутагшмал хэлбэр лүү шилжиж байгаа учир дэлхийн улс орнууд хорио цээрийг цуцалж хилээ нээлттэй болгож байна.
Манай улсын хувьд хэдийгээр халдварын тохиолдол бүртгэгдэж байгаа ч нас баралт буурсан. Тодруулбал, Дельта хувилбартай харьцуулбал, 10 дахин бага нас баралттай байгаа. Эмнэлгийн ачаалал буурсан. Мөн сүргийн дархлаа хангалттай тогтсон. Тиймээс Монгол Улс хилээ нээх, хилийн хорио цээрийг цуцлах нөхцөл байдлыг бүрдүүлсэн.
Омикроны үед халдвар авсан иргэд дахин халдвар авах тохиолдол бүртгэгдэж байна. Тийм учраас халдвар авсан иргэдийг 21 хоногийн дараа нэмэлт вакцинд хамрагдахыг уриалж байгаа.
Мөн иргэдээс олон нислэг болон шинжилгээтэй холбоотой асуултууд ирж байна. Манай улс гадагшаа зорчих гэж буй иргэдээсээ ХӨСҮТ-д шинжилгээ авч байгаа. Тодруулбал, хоёрдугаар сарын 11-нд Монгол Улсаас БНСУ-руу ниссэн зорчигчдоос гурван эерэг тохиолдол илэрсэн. Тиймээс БНСУ-ын Онцгой комиссоос Монгол Улсын нислэгийг хоёрдугаар сарын 17-ноос хоёрдугаар сарын 23-ны хугацаанд долоо хоног хязгаарласан. Иймд гадагшаа зорчих гэж буй иргэдийг олон улсын лавлагаа лаборатори ХӨСҮТ-д шинжилгээ өгөх, бусад лабораториор хийлгэхгүй байх шийдвэрийг өнгөрсөн онд гаргасан. Монгол Улсаас ирж буй зорчигчдоос эерэг тохиолдол илэрч байгаа учир БНСУ-аас МИАТ компанийн нислэгийг 60 хувь хязгаарласан. Харин дамжин өнгөрөх нислэгийг хүлээн авч байгаа” гэж мэдээллээ.