Чингэлтэй дүүргийн гуравдугаар хорооны нутаг дэвсгэрт орших “Алтай центр” худалдааны төвийн зүүн талын нийтийн эзэмшлийн авто зогсоолыг хашиж, хаасан зөрчлийг арилгалаа. Иргэд, оршин суугчдаас удаа дараа гомдол ирсний үндсэн дээр 2021 онд уг талбайд байрлуулсан төмөр хашлагыг тус дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас албадан буулгасан байдаг. Гэвч “Алтай центр” худалдааны төвөөс нийтийн эзэмшлийн зогсоолыг дахин хашаалжээ. Иймд зөрчлийг арилгуулахаар Чингэлтэй дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас тус байгууллагад газар чөлөөлөх мэдэгдэл хүргүүлсэн. Албан мэдэгдлийн дагуу “Алтай центр” худалдааны төв зөрчлөө арилган, төмөр хашлагыг буулгалаа. Газрын зөрчлийг дахин арилгахад нийслэл, дүүргийн төсвөөс ямар ч төсөв, хөрөнгө зарцуулагдаагүй гэдгийг холбогдох албан тушаалтнууд мэдэгдсэн юм.
Нийтийн эзэмшлийн зам, талбайг хувийн өмч мэт хашаалсан, удаа дараагийн шаардлага биелүүлээгүй аливаа аж ахуй нэгжид холбогдох байгууллагаас албан мэдэгдэл хүргүүлдэг. Албан мэдэгдлийг биелүүлээгүй тохиолдолд газар эзэмших эрхийг хүчингүй болгох хүртэл арга хэмжээ авдаг байна. Мөн Захиргааны ерөнхий хуулийн дагуу Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас хариуцлага тооцдог журамтай.
Нийслэлийн Засаг даргын 2021 оны А/250 болон А/251 дүгээр захирамжийн хүрээнд өнгөрсөн онд Чингэлтэй дүүрэгт 90 гаруй гарааш буулган, газрыг чөлөөлсөн. Мөн 46 байршлын 280 гаруй объектын зөрчлийг арилган, чөлөөлөх ажлыг гүйцэтгэжээ. Харин энэ онд тус захирамжуудыг үргэлжлүүлэн мөрдөж, 180 гаруй гарааш чөлөөлөхөөр судалгаа гаргаад байгаа талаар Чингэлтэй дүүргийн Газар зохион байгуулалтын албаны ахлах мэргэжилтэн Л.Нямдаваа онцоллоо.