XXIV Өвлийн олимпын наадмын нээлт хоёрдугаар сарын дөрөвний баасан гаригт Хятадын нийслэл Бээжин хотноо боллоо.
Өвлийн олимпын тэмцээнүүд Бээжинд төдийгүй Яньцин, Жанжякоу (Бээжингээс 180 км зайтай) хотуудад болох юм. Энэ удаагийн олимпод 91 орны 3000 орчим тамирчин спортын долоон төрлөөр 109 багц медалийн төлөө өрсөлдөх аж.
Олимпын албан ёсны нээлтийн ажиллагаа болохоос өмнө хос кёрлинг, эмэгтэй хоккей, могулу төрлүүдийн урьдчилсан тэмцээнүүд эхэлсэн юм.
Харин тэмцээний хамгийн залуу оролцогч нь Оросын уран гулгалтын тамирчин, 15 настай Камила Валиева юм. Түүнийг эмэгтэйчүүдийн уран гулгалтын төрөлд алтан медаль хүртэж магадгүй тамирчдын нэгд тооцож байна.
Энэ удаагийн олимпод Гаити болон Саудын Араб оролцож байгаа бөгөөд тэдний хувьд энэ нь анхны өвлийн олимп юм. Гаити, Саудын Арабын тамирчид уулын цанын төрөлд оролцох юм байна.
Бээжингийн олимпод хамгийн өргөн бүрэлдэхүүнтэй оролцож байгаа улс нь АНУ. Энэ улсыг төлөөлөн 224 тамирчин өрсөлдөх юм. Үүний араас 215 хүний бүрэлдэхүүнтэй Канадын шигшээ, 212 тамирчинтай Оросын Олимпын хорооны шигшээ, 174 тамирчинтай Хятадын шигшээ багууд бичигдэж байна.
Харин дэлхийн 17 орон ердөө нэг тамирчныг Олимп руу илгээжээ. Тэдний дунд Энэтхэг, Эквадор улсууд багтаж байгаа юм.
Бүх тэмцээнд хиймэл цас ашиглана
Цас хүрэлцэхгүйн улмаас бараг бүхий л тэмцээнүүд дээр хиймэл цас ашиглах анхны олимп нь Бээжин-2022 болж байна.Олимпын зохион байгуулах хорооны мээдэлснээр, Бээжин хотоос 75 км зайд орших Яньцинд гэхэд л 1,2 сая куб.метр хиймэл цас шаардагдаж байгаа гэнэ. Үүний тулд 222 сая литр ус ашиглах юм байна.
Олимпын бүхий л талбай, хэсгүүд хурдны төмөр замаар холбогдсон. Олимпын бүхий л оролцогчид, тамирчдаас сайн дурынхан, хэвлэлийнхэн хүртэл бүх хүн өдөр бүр PCR шинжилгээ өгч, гагцхүү нарийн тогтоосон чиглэлийн дагуу л зорчиж байна.
Энд дуулгахад, Олимпыг зохион байгуулж буй Хятад улс энэ наадмыг Коммунист намынхаа 100 жилийн ойд зориулж байгаа юм. Түүнчлэн Хятадын цагаан сартай бараг л давхцан нээлтээ хийлээ. Бээжингийн олимпын нийт төсөв 3,9 тэрбум доллар болно гэсэн тооцоо гарчээ.