Омикрон хувилбарын халдварын нууц үе 3-5 хоног үргэлжилдэг. Вакцин хийлгээгүй бол өвдөх магадлал 100 хувь байгаа бол гурав дахь тунгаа хийлгэсэн иргэдийн өвдөх магадлал 75, хоёр тунтай иргэдийнх 35 хувь байна.
Омикроноор өвдсөн иргэдэд хоолой өвдөх, халуурах, хуурай ханиах, ядрах шинж тэмдэг түлхүү илэрч байна. 3-5 хоногийн дараа шинж тэмдэг арилна. Амьсгалахад төвөгтэй болох, цээжээр өвдөх, ухаан балартах зэрэг шинж тэмдгүүд илэрвэл таны халдвар хүндэрсэн байна гэж ойлгож болно.
Дельта хувилбараар өвчилсөн хүмүүст 10 хоног шинж тэмдэг үргэлжилж байсан бол омикронынх үүнээс бага байгаа юм. Харин нэмэлтээр чих шуугих, дотор муухайрах шинжүүд мөн илэрч байна.
Гэр бүлийн нэг гишүүн омикроноор өвдөхөд бусад гишүүд халдварлах магадлал нь өмнөх хувилбаруудаас илүү байгаа.
Шинэ вирусийн эсрэг өвөрмөц эмчилгээ байхгүй бөгөөд өмнөх хувилбаруудтай адил эмчилгээ хийгдэж байна.
Өвчтөнүүд өрхийн эмчийн заавраар эмээ уух хэрэгтэй, мөн эмийн нөөц тасалдаагүй гэдгийг засгийн газраас мэдэгдлээ. Шинж тэмдэг илэрсэн иргэд ХӨСҮТ-ийн 100 дугаарын утсаар зөвлөгөө авах боломжтой.
Та дархлаагаа дэмжиж, халдвар хамгааллын дэглэмээ сахиж гэр бүл, хайртай дотны хүмүүсээ хамгаалаарай.