2022 оны гуравдугаар сард рублийн ханш огцом унаж, Газпром, Сбербанк гэх мэт Оросын томоохон компаниудын хувьцааны үнэ Лондоны хөрөнгийн биржид 97 хувиар унасан. Москвагийн банкуудын АТМ машины гадаа урт дараалал үүссэн юм. Мөн оросын олигархиудын завь, хөл бөмбөгийн багууд, тансаг харшууд олон зээлийн картуудыг нь хураасан. ОХУ-ын Төв банкны 300 тэрбум ам.долларын нөөцийг ч царцаав. Энэ бүхний дараа Оросын эдийн засаг зогсонги байдалд орсон.
ОХУ Украин руу хууль бусаар халдан довтолсон тул барууны орнууд Оросын эдийн засгийг хянах зорилгоор дээрх арга хэмжээг авсан юм. Хэдийгээр барууны орнууд эдийн засгийн дайн гэх нэр томьёог ил хэрэглэдэггүй ч Кремлийн эсрэг гаргасан дээрх шийдвэрүүд цөмийн зэвсэг эзэмшдэг орнуудын хоорондох зөрчилдөөнийг шууд илтгэнэ.
Эдгээр үйл явдлаас хойш хоёр жил өнгөрч, Оросын эдийн засагт томоохон өөрчлөлтүүд гарав. Владимир Путин өнгөрсөн долоо хоногт өгсөн ярилцлагадаа “ОХУ Европын хамгийн өндөр өсөлттэй эдийн засаг боллоо” гэж бахархан ярьжээ.
ОУВС өнгөрсөн долоо хоногт тус улсын энэ оны эдийн засгийн өсөлтийг 1.1 хувь гэж таамагласнаа 2.6 хувь болгов. Мөн ОУВС Их 7-гийн бүлгийн орнуудаас 2023 онд Оросын эдийн засаг хамгийн өндөр хувиар өссөн, энэ онд өсөлтөө хадгална гэж мэдэгдсэн.
Гэвч ОХУ Украины эсрэг эхлүүлсэн дайнд давуу тал олоогүй байна. Сүүлийн хоёр жилд тус улс Украины зүүн болон өмнөдөд хамгаалалтын шугам байгуулахад ихээхэн анхаарч, их мөнгө зарцуулсан.
Барууны удирдагчид Оросын эдийн засгийн одоогийн загвар урт насгүйг онцолдог. ОХУ дайны эдийн засагт шилжиж, төсвийн зардал өмнө байгаагүй хэмжээгээр өсжээ. Улсын төсвийн нийт зардлын 40 хувийг батлан хамгаалахад зарцуулж байгаа нь ЗХУ-ын сүүлийн жилүүдийнхтэй тэнцсэн.
Танк, пуужин, Украинд эзэлсэн газруудаа батлан хамгаалахад өндөр зардал гаргаж, олон нийтийн үйлчилгээний зардлаа бууруулжээ. Барууны орнууд оросын шатахуун, байгалийн хийн экспортод хориг тавьсан ч хойд хөрш нүүрс-устөрөгчөөс өндөр орлого олсоор байна. Оросын Сангийн сайд нэгдүгээр сард нүүрс-устөрөгчийн татвар 2022 оны нэгдүгээр сарынхаас давсан хэмээн мэдэгджээ.
Очир эрдэнийн худалдаанаас олж буй ашиг зэрэг нь рублийн ханшид эергээр нөлөөлж байна.
Тэд Энэтхэг, Хятадтай илүү их худалдаа хийх болж, төлбөрөө ам.доллараар биш юаниар хийж байна. Эдгээр улсуудад газрын тос нийлүүлж, оросын нэг өдөрт олборлох газрын тосны хэмжээ өдөрт 9.5 сая баррельд буюу дайны өмнөх үед хүрчээ.
Мөн очир эрдэнийн худалдаанаас олж буй ашиг зэрэг нь рублийн ханшид эергээр нөлөөлж байна. ОХУ аж үйлдвэрээ дайны дараа амжилттай зохион байгуулж, барууны эдийн засгийн хоригийг давж гарлаа. Гэвч тус улс шатахууны экспорт, БНХАУ-аас ихээхэн хамааралтай болон. Мөн дайны өндөр зардал бүтээмжийг өсгөхгүй. Нефть, байгалийн хийн эрэлт өссөн ч баялаг ихтэй Булангийн орнууд Оросын гол өрсөлдөгчид. Үүний сацуу оросын сэхээтнүүд олноороо нутгаа орхиж, тархины нүүдэл эхэлжээ.
Энэ нөхцөлд барууны орнууд Оросын өндөр технологи эзэмших боломжийг хязгаарлах, зардлыг нь өсгөх, орлогыг хязгаарлах, дайныг аль болох хурдан дуусгахыг зорьж байна. Тэд Орос-Энэтхэгийн худалдааг хориглох биш харин энэ худалдаанаас олсон орлогоо Кремль танк болгох ёсгүй гэж үзэж байна.
Харин Москва энэ оны сүүлээр болох АНУ-ын ерөнхийлөгчийн сонгууль, барууны орнуудын Украинд өгч буй тусламж дуусахыг хүлээсээр.
Оросын Төвбанкны 300 тэрбум ам.долларын нөөцийг барууны Төв банкууд царцаасан талаар дурдсан. Энэ хөрөнгийг хэрхэх яриа үе үе гардаг. Украины Ерөнхийлөгч Володимир Зеленьский үүнийг дайны дараах сэргээн босголтод бүтэн зарцуулах ёстой гэж үздэг. Их Британийн Сангийн сайд Жэрэми Хант, Гадаад хэргийн сайд Дэвид Камерон түүнийг дэмжжээ. Дэвид Камерон “Энэ мөнгөний нэг хэсгийг одоо ашиглах нь Оросын Украин руу хууль бусаар халдан довтолсны нөхөн төлбөрийн урьдчилгааг төлж байгаа явдал юм. Украинд туслахын сацуу барууны орнуудын татвар төлөгчдийн мөнгийг хамгаалах зорилгоор Оросын царцсан хөрөнгийг хэрэглэж болно” гэсэн юм.
Украинд туслахын сацуу барууны орнуудын татвар төлөгчдийн мөнгийг хамгаалах зорилгоор Оросын царцсан хөрөнгийг хэрэглэж болно.
Их 7-гийн бүлэг 300 тэрбум ам.долларын хөрөнгийг хэрхэхээ шийдэхийн тулд Төв банкуудаас техникийн, хуулийн дүгнэлт гаргаж өгөхийг хүссэн. Учир нь Төв банкууд эргэлзсэн байдалтай байна. ОХУ-ын хөрөнгийг зарцуулах нь Ойрх Дорнод, Африкийн болон төв Азийн Төв банкуудын нөөцийг эрсдэлд оруулж болзошгүй. Өөрөөр хэлбэл эдгээр орнууд барууны Төв банкуудыг найдвартай гэж үзэн, валютын нөөцөө цаашид хадгалуулах уу гэсэн асуулт урган гарна. Хэрэв нөөцөд нь гар хүрвэл ОХУ шүүхэд хандаж, тус улсын банкууд дахь барууны комданиудын царцаасан хөрөнгийг ашиглана гэдгээ мэдэгдсэн юм.
Иймд Украинд зориулж сан байгуулах эсвэл эдийн засгийн хоригоос бий болсон орлогыг ашиглах хувилбар яригдаж байна.