Солонгос улстай байгуулсан “Хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл олгох тогтолцоо”-ны дагуу ажилтан илгээх болон хүлээн авах санамж бичгийг цаашид хэрхэн үр дүнтэй хэрэгжүүлэх, эмэгтэйчүүдийн ажиллах боломжтой салбарыг шинээр нэмэгдүүлсэн талаар санал солилцох уулзалт өчигдөр боллоо.
Уулзалтад Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа Бүгд Найрамдах Солонгос Улсын Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний төвийн нарийн бичгийн дарга бөгөөд гүйцэтгэх захирал Ким Дэ Хуан болон бусад албаны төлөөлөгчид оролцов.
Тодруулбал, зочид буудал, зоогийн газар зэрэг үйлчилгээний салбаруудад Монгол ажилчид ажиллах шинэ боломж бүрдэж байгаа талаар онцлов. Мөн уулзалтын үеэр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа “Гадаадад хөдөлмөр эрхэлж байгаа Монгол Улсын иргэний эх орондоо буцан ирж хөдөлмөр эрхлэхийг дэмжихэд чиглэсэн төсөл, хөтөлбөр батлуулж, хэрэгжилтийг хангах нь чухал” гэв.
Мөн тэрбээр, 2024-2025 онд Солонгосын буцалтгүй тусламжаар тус улсад хөдөлмөр эрхэлж буй иргэдийн эргэн эх нутагтаа суурьшиж хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлээр хамтран төсөл хэрэгжүүлэхээр болсонд талархал илэрхийллээ.
Түүнчлэн БНСУ-д ажиллаж, амьдарч байгаа Монгол Улсын иргэдийн эх орондоо буцан ирж, хөдөлмөр эрхлэхийг дэмжих зорилгоор Монгол Улсын томоохон аж ахуйн нэгж, байгууллагуудыг оролцуулсан Хөдөлмөрийн яармаг, өдөрлөгийг БНСУ-д 2024 оны 3 дугаар сард зохион байгуулахаар төлөвлөж байгаа талаар цохон тэмдэглэв.