Их Британийн Лондон хотын “West And” –д 14 өдрийн турш 2359 хүний суудалтай алдарт Колизэй театрт дүүрэн үзэгчтэйгээр тоглож, нийт 40 гаруй мянган үзэгчдэд хүрсэн “Тамгагүй төр” жүжгийн уран бүтээлчдэд БНХАУ-ын тал 11 сая юань буюу 2 сая ам.долларын нөхөн олговор олгосон бөгөөд уран бүтээлчдийн баг энэхүү нөхөн олговроос холбогдох татваруудаа төлснийг эх сурвалж мэдээллээ.
“Тамгагүй төр” жүжиг БНХАУ-ын урилгаар анх Өвөрмонголын өөртөө засах орон /ӨМӨЗО/-ны Хөх хотод тоглох гэрээ байгуулсан юм. Гэвч товлосон өдрөөс долоон хоногийн өмнө гэрээгээ зөрчиж, Хятадын тал Ордос хотын Канбаши дүүрэгт тоглуулахаар мэдэгдсний дагуу тус хотод өнгөрсөн есдүгээр сарын 19-21 өдрүүдэд тоглогдох байсан ч жүжгийн нээлтийн өдөр Ордос хотын Эзэн хороо их театрын цахилгааныг тасалж, тоглохыг хориглох шийдвэрийг Хятадын эрх баригчид гаргасан. Улмаар тус жүжгийг үзэхээр ирсэн 4 мянга гаруй хүний тасалбарыг буцаагаад байсан юм.