УИХ-ын гишүүн М.Оюунчимэг: Улс орны хөгжлийн төлөө МАН, АН, ХҮН намын дарга нар томсгосон тойргоор сонгууль явуулах тохиролцоонд хүрсэн нь маш зөв шийдвэр боллоо.
УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд: Хэт том тойрог байгуулжээ. Ингэснээр цөөн сонгогчтой аймгууд УИХ-д төлөөлөлгүй болж, эзэнгүйдэх эрсдэл бүрджээ. Сонгуулийн ерөнхий хороонд өмнөх сонгуулийн ирцийн мэдээлэл бий. Ирэх сонгуульд хэдэн хүнээс санал авч байж УИХ-ын гишүүн болохыг хэлж өгнө үү. Мөн холимог тогтолцоог 2028 онд мөн хэрэглэснээр үр дүн нь гарна. Бид сонгууль бүрээр тогтолцоогоо өөрчилдөг нь буруу. Бүсийн хөгжлийн тулгуур төвүүд илүү хөрөнгө оруулалт татаж, бусад аймаг хөгжлөөс хоцрох эрсдэл ч байна.
СЕХ-ны Ажлын албаны дарга Д.Баяндүүрэн: Өмнө нь баруун аймгуудад нийт 10 мандат байсан нь хэвээрээ.
УИХ-ын гишүүн А.Адъяасүрэн: Эрх баригчид биднээс хулгайлж болох бүхнийг хулгайллаа. Өнөөдөр бидний сонгох эрхийг хулгайлах гэж байна. МАН тогос шиг гоёж, хөхөө шиг донгодоод ч нэмэргүй, сонгогчдынхоо итгэлийг алдсан гэдгээ сайн мэдэж байгаа тул сонгуулийн тойргийг томсгов. Ингэлээ гээд ядуурал арилахгүй. Энэ тогтолцоогоор сонгуулиа хийсэн ч ядуу улсууд олон байна. Асуудал эрх баригчдын сэтгэл зүрх, ур чадвараас л хамаарна. Найман жилийн турш эрх барьсан нам хамар дор нь хулгай гарсаар байгааг мэдсэн атлаа одоо нүүрсний сонсгол явуулж, хөөрхий жолооч нарт хэрэг тохох гэж байна. МАН, ХҮН нам МАН-ын сонгуулийн тогтолцоог дэмжсэнд харамсаж байна. Гэсэн ч бид дуугаа хураахгүй, сөрнө, тэмцэнэ. МАН ирэх сонгуулиар төрийн албан хаагчдын саналыг авах замаар ялахаар төлөвлөжээ. Баян-Өлгийг тусад нь тойрог болгож, Үндсэн хуулиа зөрчиж байна.
УИХ-ын гишүүн Т.Доржханд: Ирэх сонгуулиар аль нам ялах нь 30 дугаар асуудал. Улс орон сөхөрсөн тул хуваагдал талцлаа намууд хойш тавих цаг болсон. Иймд ХҮН нам сонгуулийн шинэ тогтолцоог дэмжсэн. Цаашид нэр дэвшигчид бэлэг тараах шаардлага байхгүй. Өнөөдрийн шийдвэр парламентын түүхэд үлдэх чухал ач холбогдолтой. Манай намын УЗ энэ тогтолцоог 100 хувь дэмжсэн. Холимог тогтолцоогоор сонгуулиа явуулснаар эдийн засагт олон эерэг нөлөөтэй.
УИХ-ын дарга Г.Занданшатар: Монгол нэгдмэл, хүний эрхийг, цөөнхийн эрхийг дээдэлсэн улс. Бид нэг Монгол гэж бодож байгаарай. Зөрчилд хүргэхүйц үг хэллэг хэрэглэж болохгүй. 2000 оны үеэр бүсчилсэн тойргоор санал хураах санал гарсан ч тухайн үед санал тоолох төхөөрөмж байгаагүй, гар тооллого маргаантай хэмээн үзэж, хэрэгжүүлээгүй. Одоо үүнийг хэрэгжүүлэх цаг болсон. Бүс нутгийн хөгжлийн төв-хотууд бий болж 30 жилийн гажуудлыг засна. Дархан, Орхон хот ч юм шиг, аймаг ч юм шиг, дэлхийд байхгүй статустай. Мужийн эсвэл бүсийн захирагч томилох ёстой. Энэ хүн сайдын түвшинд ажиллах учиртай. Дөрвөн жилийн дараа УБ-ын түгжрэл, төвлөрөл буурсан байна. Хөгжлийн шинэ гурвалжин бий болно. Том зургаар харж байж бид хөгжинө. Нэг нам гэсэн хагархай цонхоор харж болохгүй. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг ч энэ дагуу оруулснаа одоо хэрэгжүүлье. Иймд намууд зөвшилцөн, шийдэлд хүрлээ. Бүс нутгийн хөгжлийн шинэ эрин энэ тогтоолын төслийг баталснаар эхэлнэ. Одоо санал хураана.
Ингээд санал хураахад хуралдаанд оролцсон 37 гишүүний 72 хувь нь дэмжиж, ирэх оны УИХ-ын ээлжит сонгуулийг 13 тойрогт хуваан хийх болов. Тодруулбал Улсын Их Хурлын сонгуулийн тойргийг орон нутагт бүсчилсэн 7, нийслэл Улаанбаатарт 6, нийт 13 байна:
· Архангай, Баянхонгор, Өвөрхангай аймгуудыг нэгтгэн 1-р тойрог;
· Говь-Алтай, Завхан, Увс, Ховд аймгуудыг нэгтгэн 2-р тойрог;
· Баян-Өлгий аймаг 3-р тойрог;
· Булган, Орхон, Хөвсгөл аймгуудыг нэгтгэн 4-р тойрог;
· Дархан-Уул, Сэлэнгэ, Төв аймгуудыг нэгтгэн 5-р тойрог;
· Дорнод, Сүхбаатар, Хэнтий аймгуудыг нэгтгэн 6-р тойрог;
· Говьсүмбэр, Дорноговь, Дундговь, Өмнөговь аймгуудыг нэгтгэн 7-р тойрог;
· Баянзүрх дүүрэг 8-р тойрог;
· Баянгол дүүрэг 9-р тойрог;
· Сүхбаатар, Чингэлтэй дүүргүүдийг нэгтгэн 10-р тойрог;
· Сонгинохайрхан дүүрэг 11-р тойрог;
· Хан-Уул дүүрэг 12-р тойрог;
· Багануур, Багахангай, Налайх дүүргүүдийг нэгтгэн 13-р тойрог байна.
10 цаг 34 минут
2023.10.17
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар ирэх оны сонгуулийн тойрог, нэр дэвшигчдийн зарцуулах зардлыг хэлэлцэж байна.
Сонгуулийн ерөнхий хорооны ажлын албаны гишүүд УИХ-ын гишүүдийн асуултад хариулж байна. Ажлын албанаас дараах мэдээллийг өглөө.
-Сонгуулийн тойрог томссон тул нэг нэр дэвшигчийн зардал өмнөх сонгуулийнхаас өснө. Зардлын дээд хэмжээг Үндэсний аудитын газар ирэх онд батална. Бид сонгуулиас өмнө иргэдэд хандаж, хэдэн хүний нэрийг дугуйлах, хэдэн хүнд санал өгвөл саналын хуудас хүчингүй болох талаарх сургалт сурталчилгааг хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр түгээнэ.
УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж: 2024 оны сонгууль хүч тэнцвэргүй сонгууль болно. МАН сонгуульд бярдах нь. Ард түмнийг ядууруулж, олон хулгай хийсэн эрх баригчдаас салах цаг ирж байна. Манай нам асуудалтай байсан. Том зорилгын төлөө одоо нэгдэх цаг ирсэн.
УИХ-ын гишүүн Б.Баярсайхан: Баян-Өлгий аймгийг тусад нь тойрог болгох нь ялгаварлан гадуурхалт болно. Үндсэн хуульд хүнийг шашин шүтлэг, эрхэлж буй ажил, яс үндсээр нь ялгаварлан гадуурхахыг хориглосон. Мөн манай улсын бүсчилсэн хөгжлийн бодлоготой энэ шийдвэр зөрчилдөж байна.
УИХ-ын гишүүн Н.Энхболд, ажлын хэсгийн ахлагч: Баян-Өлгий аймаг гурван мандаттай. Энэ аймгийн иргэд өөрийн төлөөлөлтэй байх шаардлагатай. Бид олон хувилбарыг судалж, тал талаас нь ярилцаад, Монгол нэгдмэл улс, цөөнхөө хүндэтгэж олонх шийдвэрээ гаргадаг зарчмыг баримталсан. Энэ аймгийг гадуурхсан зүйл байхгүй, аймгийн цаашдын ирээдүйн хөгжлийг ч бодолцсон. Манай улсын бүс нутгийн хөгжлийн үзэл баримтлалтай ч нийцнэ. Баруун бүсэд таван аймаг бий, ганцхан Баян-Өлгий аймаг багтдаггүй. Тойргийг Төрийн байгуулалтын байнгын хорооны гишүүд дангаараа суугаад тогтоолын төсөл бичээгүй. Холбогдох төрийн байгууллагууд ч дэмжсэн.
УИХ-ын гишүүн Б.Бэйсэн: Баян-Өлгий аймгийг тусад нь, нэг тойрог болгосныг дэмжиж байна. Гэхдээ Үндсэн хуультай харшилж байгааг яаж шийдэх вэ? Манай аймагт тува, урианхай иргэд ч бий. Мөн энэ аймаг стратегийн чухал байршилд оршдог.
УИХ-ын гишүүн Н.Ганибал: Зарим тойрог ойлгомжгүй байна. Жишээ нь Багануур, Багахангай, Налайхыг нийлүүлээд нэг тойрог болгон, хоёр мандат өгчээ. Эдгээр нь нэг жижиг сумтай дүйнэ. Төв аймгийг нэгтгэвэл бүсийн хөгжлийн тухай ярьж болно. Баянгол, Хан-Уул дүүргийг яагаад нэгтгээгүй вэ? Аймгууд нэгдсэнээр улсын төсвөөс илүү мөнгө хуваарилуулах болно. Тэгэхээр Баян-Өлгий ганцаараа үлдэж хоцрох эрсдэлтэй. Энэ нь бүс нутгийн хөгжилд харшилна.
УИХ-ын гишүүн Н.Энхболд: Аймгийн болон нийслэлийн харьяан нутаг дэвсгэрийг нэгтгэн, нэг тойрог болгох нь хуульд нийцэхгүй. Нийслэлийн алслагдсан гурван дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүдийн байр суурь шингээгүй, тэгж хардах үндэслэл байхгүй.
УИХ-ын гишүүн Ж.Батсуурь: Тойргийн хуваарилалт шог байна. Хан-Уул дүүргийг Т.Доржханд гишүүнд өгчээ. Том тойргийг нэр дэвшигчид бүтэн тойрч амжих уу? Залуучууд, эмэгтэйчүүдээ дэмжинэ гэдэг ч тэдэнд том тойргоор явж, иргэдтэй уулзах санхүүгийн боломж байхгүй. 14 хоногт ийм том тойргоор яаж ч яваад амжихгүй. Монгол өргөн уудам. Бие даан нэр дэвшигч, эмэгтэй нэр дэвшигчид, эрдэмтэд УИХ-ын гишүүд болж чадахгүйг би мэргэн хүн шиг хэлье. Та нар хүнд зориулсан, өөрсдөө л ялах тойрог зуржээ. Хан-Уул дүүргийг Баянголтой нийлүүлэх нь зөв.
УИХ-ын гишүүн Т.Туваан: Жалга довын үзлээсээ салах нь том тойргийн давуу тал мөн. Бүсүүдээ дугаарлахын оронд нэр өгөх нь зөв. УИХ-ын гишүүн бол төр, ард түмний гүүр болдог, ард түмний элч байх учиртай. Гэтэл тойрог томссоноор иргэдтэй уулзах, тэднийг сонсох, хүсэлтийг нь шийдэх ажил одоогийнхоос 3 дахин хүндэрнэ. Сурталчилгааны хугацаа 18 хоног байсныг цөөлөх нь буруу, 22 хоног байх ёстой гэж би Сонгуулийн хуулийг хэлэлцэх үеэр л хэлсэн. Бид нисдэг тэргээр яваад байж чадахгүй. Гурван аймгийн 17 сумаас сонгогдсон гишүүн яаж ажиллах юм бэ? Төв аймаг, Сэлэнгэ, Дарханыг газар тариалангийн бүс гэдгээр нь нэгтгэж, нэг тойрог болгох нь зөв.
УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар: Нийслэлийг урд, хойд, баруун, зүүн гэж 4 бүст хуваах нь зөв. Сонгуулийн томсгосон тойргийг УИХ-ын дийлэнх гишүүн дуу нэгтэй батлах гэж байгаад баяртай байна.
УИХ-ын гишүүн Г.Дамдинням: Хөвсгөл аймагтай Орхоныг яагаад нийлүүлэв? Тойргийн төвүүдээ ямар зарчмаар сонгосон бэ?
УИХ-ын гишүүн Н.Энхболд: Тухайн тойргийн УИХ-ын гишүүдийн эрх ашиг тойрог хуваарилахад шингэдэг нь нууц биш. Би үүнийг нуухгүй. УБ 9 тойрогтой байсан нь зургаа болсон. Нийслэл шинэ удирдлагатай болж, шинэ хууль баталлаа. Нийслэлийн дүүргүүдийг хотын статустай болгох ажлын эхлэлийг тавьсан. Тойргийн төвүүдийг газар зүйн байршлаа бодолцон сонгосон. Мөн Сонгуулийн хуулийн 14.7-д хүн ам ихтэй аймгийн төв нь шинэ тойргийн төв байна гэсэн заалт бий.
Сонгогчид тойргийн төв рүү явах шаардлага байхгүй.