Төрийн ордонд нүүрсний сонсголын хоёр дахь үе шат үргэлжилж байна. Өнөөдөр “Эрдэнэс таван толгой” ХК-ийн нүүрс баяжуулах үйлдвэрийн барилгын зураг төсөв боловсруулах, барилга угсралтын ажлын тендер шалгаруулалт, гэрээний асуудлыг хэлэлцэж байна. Мөн төслийн санхүүжилттэй холбоотой ил болгосон нүүрсээр санхүүжүүлэх нөхцөлтэй оффтэйк гэрээний талаар шинжээчийн дүгнэлтийг танилцуулав.
Гэрчээр “Эрдэнэ таван толгой” ХК-ийн ТУЗ-ийн дарга Д.Батбаатар, Хууль эрхзүйн хэлтсийн дарга М.Батбаяр, ТУЗ-ийн гишүүн Г.Нандинжаргал, ТУЗ-ийн гишүүн Т.Ганттулга, ТУЗ-ийн хараат бус гишүүн Ү.Амарбат, ТУЗ-ийн хараат бус гишүүн Х.Болор-Эрдэнэ нарыг дуудсан ч хүрэлцэн ирээгүй байна.
ТУЗ-ийн шийдвэр гаргасан бүх гишүүдээс “Эрдэнэс таван толгой” ХК-ийн ТУЗ-ийн хараат бус гишүүн байсан П.Өлзийнаран ганцаар иржээ.
2016 оноос өмнөх ТУЗ-ийн материалыг устгачихсан шүү. Компанийн өмнөх материалуудтай танилцах гэхэд байхгүй, олдоогүй, надад устгачихсан гэж хэлсэн.
Тэрбээр “Анх компанийн ТУЗ-д мэргэжлийн хүний хувьд ороод маш их эмзэглэж байсан. Энэ том төслийг ямар ч судалгаа, шинжилгээгүйгээр ухаж ирсэн байсан. Нүүрс баяжуулах үйлдвэр ашиглалтад орсноор ажлын байр нэмэгдэнэ, бүтээгдэхүүний чанар дээшилнэ, үнэ өсөх магадлалтай гэх мэтчилэн төслийн тогтвортой хөгжлийг хангах ач холбогдолтой гэдгийг хэлж судалгаа шинжилгээний ажил хийх шаардлага тавьж ирсэн.
Харамсалтай нь саналын эрхтэй хувьцаа эзэмшигчид маань тогтвортой байдлыг хангах хөрөнгө оруулалт хийгээгүй. Нүүрс баяжуулах үйлдвэрийн гэрээ нэмэлт өөрчлөлтүүдийг намайг ТУЗ-өөс гарсны дараа хийсэн байна.
Мөн оффтэйк гэрээг намайг ТУЗ-өөс гаргаж байгаад хийсэн. Би ТУЗ-ийн хурал болгон дээр нууцад байгаа гэрээнүүдээ ил болгооч гэж хэлдэг байсан. Инженер хүний хувьд шаардах юмаа шаардаж, мэдээлэлтэй танилцах ёстой байдаг. Энд танилцуулж байгаа гэрээнүүдийг намайг нууцаас гаргаж байгаад хийсэн.
Хүндрэлтэй үе ТУЗ-ийн хараат бус гишүүдэд байдаг. Бүх цаг үеийн ТУЗ-ийн хараат бус гишүүдийг авч ирж, асуугаасай гэж хүсэж байна. 2016 оноос өмнөх ТУЗ-ийн материалыг устгачихсан шүү. Компанийн өмнөх материалуудтай танилцах гэхэд байхгүй, олдоогүй, надад устгачихсан гэж хэлсэн. Шинжээчид үүнийг олж хараасай гэж хүсэж байна” гэлээ.
Түүнийг ТУЗ-өөс яагаад гарсныг УИХ-ын Ж.Бат-Эрдэнэ тодруулж асуулаа. Үүнд П.Өлзийнаран “Би уул уурхайн мэргэшсэн инженер мэргэжилтэй. Үе дамжсан уурхайчин. ТУЗ-өөс гарсан шалтгаан гэвэл ТУЗ-ийн хамгийн сүүлийн хурал төмөр замтай холбоотой байсан. Би хараат бус гишүүний хувьд С.Наранцогт гишүүнийг ирж суухыг шаарддаг байсан. Заримдаа ирнэ, ирэхгүй нь их. Бусад ТУЗ-ийн гишүүд дарга нарын найз нөхөд, хамаатан садан, туслахууд л байсан, тэд ирэхээ больсон.
Ингэж хуралдах юм бол ажиллах шаардлага юу байна вэ гээд бас материалаа нууцын зэрэглэлтэй гээд бүрэн гүйцэд үзүүлэхгүй зэрэг нөхцөл үүссэн учраас ТУЗ-өөс гарсан” гэв.