Улсын Их Хурлын 2023 оны намрын ээлжит чуулганы хугацаанд багтаан танилцуулах үүрэг бүхий Хянан шалгах түр хорооноос зохион байгуулж буй нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсголын эхний үе шат өнгөрсөн долоо хоногт өндөрлөсөн.
Эхний шатны сонсголд “Тавантолгой” ХК, “ЭТТ” ХК-ийн 28 багц асуудалд нотлох баримтыг судалж, холбогдох 275 гэрчид мэдэгдэх хуудас хүргүүлснээс 221 гэрч буюу 80,4 хувь нь оролцсон байна.
Нотлох баримтыг шинжлэн судлах сонсголын хоёр дахь үе шат энэ сарын 18-22-ны өдрүүдэд болох бөгөөд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн
- Нийт борлуулалт, экспортын үйл ажиллагаа;
- Тээвэрлэлтийн үйл ажиллагаа;
- Охин болон хараат компанид оруулсан хөрөнгө оруулалтын үйл ажиллагаа, тэдгээрийн хэрэгжилт;
- Санхүүжүүлсэн бусад төслүүд болон тус компанид эрх бүхий байгууллагуудаас хийсэн хяналт, шалгалтууд, тэдгээрийн үр дүнд авсан арга хэмжээ, шалгалтаар илэрсэн бусад асуудал гэсэн зургаан сэдвийн хүрээнд нотлох баримтуудыг шинжлэн судлах аж.
Түр хорооны дарга Б.Энхбаяр хоёрдугаар шатны нүүрсний хулгайн сонсголд оролцох 280-300 гэрчийн нэрсийг өнөөдөр зарлалаа. Тэдний дунд Ерөнхийлөгч асан Х.Баттулга, “Голомт” банкны Д.Баясгалан, “Монгол Масс Медиа” группийн захирал А.Амундра нарын нэрс байна.