“Нүүрсний” гэх тодотголтой нээлттэй сонсгол Төрийн ордонд болж байгаа. “Хишиг арвин индустриал” ХХК-ийн асуудлаар сонсгол үргэлжилж байна.
Тус компаниас “Тавантолгой ордын Цанхын баруун уурхайд уулын ажлын гүйцэтгэх үйлчилгээ үзүүлэх багц 1. Уулын ажил өрөмдлөгийн тэсэлгээ” гэсэн тендер сонгон шалгаруулалттай холбоотой шинжээчийн дүгнэлтийг танилцууллаа.
Хянан шалгах түр хорооны дарга, ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр “Энэ компани Эрдэнэс таван толгой ХК-д цаг хугацаа болон мөнгөн дүнгийн хувьд ч хамгийн том ажил гүйцэтгэсэн. Нийт 8 ажлын тендерт шалгарч 1 их наяд 440 тэрбум төгрөгийн гэрээ байгуулж ажиллажээ” гэдгийг тодотгов. Мөн УИХ-ын гишүүн Г.Ганболд энэ бол Монгол Улсын хэмжээнд маш их мөнгөн дүн гэдгийг онцоллоо.
Үдээс хойших сонсголоор “Эрдэнэс таван толгой” ХК-д уул уурхайн тоног, төхөөрөмж, машин механизм нийлүүлэх тендерт шалгарч, гэрээ байгуулсан “Вагнер Ази тоног төхөөрөмж” ХХК-д холбогдох асуудлыг шинжээч танилцуулж, гэрч нараас мэдүүлэг авлаа.
УИХ-ын гишүүн Г.Ганболд “Шинжээч нар аа, гэрчээр дуудаж байгаа хүмүүс чинь яг шийдвэр гаргахад нөлөөлсөн, тухайн үед нь байсан юм уу? Олонх нь энд ямар ч үүрэггүй суугаад байна шүү дээ. Үүнд жаахан анхаарахгүй бол сонсголын үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлнө шүү. Энэ залуус сонсголд дуудагдсан гэдгийг нийгэмд зарлаж байгаа. Нөгөө талдаа ямар гэмт хэрэгт холбогдчихов гээд аав, ээж ах дүү нар нь түгшээд сууж байгаа шүү дээ. Ямар ч хамааралгүй хүмүүсийг дуудаад эвгүй байдалд оруулаад суулгаад байх юм. Энд хүмүүс гомдолтой, үнэлгээний хорооны алинд ч байгаагүй гээд байна шүү дээ” гэв.
Хянан шалгагч үүнд “Шалгаж байгаа асуудлаар ач холбогдол бүхий мэдээлэл өгөх боломжтой хүмүүсийг л гэрч гээд байгаа юм. Өөрөөр хэлбэл, гэрчээр дуудагдсан хүмүүс үнэлгээний хороонд ажиллаж байсан гэсэн үг. Сонсголд дуудагдана гэдэг буруутай гэсэн үг биш, шалтгаан нөхцөлийг тогтоох гэж л байгаа юм” гэж хариуллаа.