“Тавантолгой” компанийн гүйцэтгэх захирал Р.Сэддорж “Гишүүний асуултад хариулъя. Тухайн үед хамт ажиллаж байсан санхүүгийн болон нягтлан хийж байсан хүмүүс байгаа болохоор тэр хүмүүс нэмж хариулах байх.
Гэрээнд тусгасан тоо хэмжээ, авсан хэмжээ хэмжээ хоёр байнга зөрөх ёстой. Гэрээг нэг сая тонноор хийсэн байхад компани 800 мянган тонн нүүрс авсан байна. 200 мянган тонны зөрүү гарна. Тийм учиртай зөрүү байгаа юм.
Дотоодын нүүрс борлуулалтын гэрүүнүүд бий. Тухайн компани бол 1966 оноос хойш Дорноговь аймгийн Хатанбулаг, Мандах сум, Дундговь аймгийн урт талын бүх сумдад, Өмнөговь аймгийн бүх сумдад дотоодын уурын зуухны нүүрсийг олгож ирсэн. 2013-2022 оны 11 сар хүртэлх 1,363,000 тонн нүүрсийг уурын зуухнуудад олгосон.
АМНАТ болон бодит тоо зөрсөн эсэхийг Гаалийн ерөнхий газар, ТЕГ шууд бүртгэж, мэдэж байгаа. Мөн Тавантолгойн орд газраас буюу “Энержи Ресурс” болон бусад компаниудаас нийслэл рүү дотоодын нүүрс их борлуулагддаг. Эдгээр нь Эрээн, Замын-Үүдийн боомтоор экспортлогдсон байхыг үгүйсгэхгүй. Эдгээрийг мөн ялгаж, салган тооцоо гаргавал зүйтэй байх” гэлээ.
УИХ-ийн гишүүн Ж.Бат-Эрдэнэ “Хоёр асуудал анхаарал татаж байна. “Тавантолгой” компанийн 2015-2022 онд борлуулсан нийт нүүрсний тоо хэмжээг ашиглалтын үйл ажиллагааны тайлан, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр /АМНАТ/-ийн тайлан 362 мянган тонн нүүрсээр зөрүүтэй байна.
Нотлох баримтад тайлбар хэлж байгаа хүмүүс өөрсдөө нүүрсний хулгай хэлж байх шиг байна. Бид цаашдаа энэ хулгайг зогсоох, хуулийн дагуу компанийн үйл ажиллагааг явуулдаг болохын төлөө л нээлттэй сонсгол хийж байгаа.
Шинжээчдээс энэ тоо баримтыг хаанаас авсныг тодруулмаар байна. Зөрсөн тоо хэмжээ 3.4-4.5 сая тонн нүүрс гэж байна. Энэ нүүрсний тоо хэмжээг хамгийн бага үнэлгээгээр бодоход 320 тэрбум төгрөгийн өртөгтэй байна. Үүнд шинжээч болон гүйцэтгэх захирлуудаас тайлбар авмаар байна” гэв.
Нүүрсний нээлттэй сонсгол Төрийн ордонд хоёр дахь өдрөө үргэлжилж байна.
Энэ үеэр сонсгол даргалагч Б.Энхбаяр Тавантолгой ХК-ийн нүүрс борлуулалтын үйл ажиллагаанд тус компанийн хамаарал бүхий этгээдүүд компани байгуулж хямд үнээр нүүрс тээвэр аваад цаашаа өндөр үнэтэй борлуулж ашиг олдог талаарх нотлох баримт танилцуулж, гэрчүүдээс “мэдүүлэг” авч байна.
2011 оны арванхоёрдугаар сарын 26-ны өдөр н.Мэргэнбаяр гүйцэтгэх захиралтай компанийн 50 мянган тонн нүүрс худалдах, худалдан авах тухай гэрээг танилцуулав.
Үргэлжлүүлэн н.Мэргэнбаярын гүйцэтгэх захирлаар ажилладаг Акмиконсалтинг ХХК-ийн холбоо хамаарлыг танилцуулахад УИХ-ын гишүүн асан долоон хүний хамаарал бүхий этгээдүүд нь гарч ирсэн юм.
Энэ нь олны мэддэгээр МҮДН фракцын гишүүд байна гэдгийг сонсголын даргалагч Б.Энхбаяр онцлов.
Акмиконсалтинг ХХК-ийн үүсгэн байгуулагчид:
- Б.Нарангоо УИХ-ын гишүүн асан Ц.Баярсайхны охин
- Л.Шинэцэцэг УИХ-ын гишүүн асан С.Ламбаагийн охин
- Б.Жаргалан УИХ-ын гишүүн асан Н.Батбаярын охин
- Азбаяр УИХ-ын гишүүн асан Р.Амаржаргалын хүү
- А.Туул УИХ-ын гишүүн асан Л.Гантөмөрийн эхнэр
- УИХ-ын гишүүн асан Д.Зоригт
- УИХ-ын гишүүн асан Д.Эрдэнэбат