Дэлхийн банк Монгол Улсын эдийн засгийн тойм тайлангаа танилцууллаа.
Монгол Улсын эдийн засаг 2023 онд 5.8 хувь, 2024 онд 6.2 хувиар өсөх төлөвтэй байгааг Дэлхийн банк мэдээллээ. Уул уурхайн салбарын үйлдвэрлэл нэмэгдэж, хувийн хэрэглээ сэргэн, төсвийн зардал тэлэх нь эдийн засгийн өсөлтийг голлон тодорхойлохоор байгааг тайланд дурджээ.
Монгол Улсын эдийн засаг 2023 оны эхний хагаст уул уурхайн салбарын өсөлтөд тулгуурлан эрчимтэй өсөөд байна. Урьдчилсан үзүүлэлтүүдээс харахад оны сүүлийн хагаст өсөлтийн чиг хандлага хэвээр хадгалагдах төлөвтэй байгаа бол дунд хугацаанд эдийн засгийн өсөлт хурдсаж, 2025-2026 онд дунджаар зургаан хувь давахаар байна.
Хэдий тийм боловч инфляцын дарамтыг бууруулан, макро эдийн засгийн тогтвортой байдлыг бэхжүүлэхийн тулд төсвийн тэлэлтийг сааруулах шаардлага байгааг тайлангийн зөвлөмж хэсэгт дурджээ. Ингэснээр эдийн засагт хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, гадаад хөрөнгийн зах зээлд Монгол Улсад итгэх итгэлийг бэхжүүлэх боломжтой юм. Мөн үнийн хөөрөгдөлтийг үүсгэхгүйгээр өрхийн бодит хэрэглээг хамгаалахын тулд нийгмийн хамгааллын бодлого, зардлын үр ашгийг сайжруулах нь илүү оновчтой арга хэмжээ болохыг онцоллоо.