УИХ-ын гишүүн Ж.Батсуурь:
“Баяраа өөрөө ширээн дээрээс унасан” гэдэг шиг ийм чухал, том сдвийг хөнгөн хэлэлцэж байна. Бүгд арьсаа хамгаалсан байдалтай байна. 57 хүн нас барсан нь түлшээ буруу хэрэглэсэн гэж хэлэх гээд байна уу. Бид Улаанбаатарт утаандаа төөрөхөд ойрхон байна. Утаа хаана 60-70 хувиар буураад байгаа юм бэ. Сайд нь цахилгааны эх үүсвэргүй, эрчим хүчний хүрэлцээгүй байхад халаагуур тараагаад байна. Тэгсэн хэрнээ зүүн бүсийг цахилгаанаар хязгаарлах нь “Би үхэхээр чи үх” гэж байгаа юм шиг л байна. Тэгэхээр 2024 он эцэс гэхэд утаанаас болж хүний амийг алдахгүй гэсэн бодит алсын хараатай ажилламаар байна.
ЭНЭ ЖИЛ УГААРЫН ХИЙД 54 ХҮН ӨРТӨЖ НАС БАРСАН НЬ ӨМНӨХ ҮЕЭС 48%-ААР ӨССӨН ҮЗҮҮЛЭЛТ
Угаарын хийн хордлогод хэдэн хүн өртөж нас барсан талаарх тоон мэдээллийг асуулаа.
ЭМЯ-ны Нийтийн Эрүүл мэндийн газрын дарга Д.Баярболд:
Он гарсаар улсын хэмжээнд 2674 хүн угаарын хийн хордлогод орж эмнэлгийн тусламж авсан. Үүнээс тусламж аваад буцсан 2196, хэвтсэн 419, одоо эмнэлэгт хяналтад байгаа 2 хүн, нас барсан 57 хүн байна.
2017-2023 онд химийн бодист хордсон 10746 тохиолдлын 78 хувийг угаарын хийн хордлого эзэлж байна. 2023 оны 11-р сарын байдлаар хордсон 2665 тохиолдол бүртгэгдэж, 54 нас баралт бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 48 хувиар, сүүлийн 5 жилийн дунджаас 34 хувиар өссөн байна.
ЦУОШГ-аас Л.Оюунжаргал агаарын бохирдлын талаарх мэдээллийг өглөө.
УБ хотын хэмжээнд 18 автомат станцаар хэмжилт хийдэг. Агаарт PM 2.5 тоосонцор 58 хувиар, PM10 тоосонцор 60 хувиар тус тус буурсан, хүхэр 60 хувиар нэмэгдсэн, азот өөрчлөлтгүй буюу 40 орчим хувьтай байна.
НЭМҮТ-ийн захирал С.Өнөрсайхан:
25-дээш насны хүн амын цусны даралт ихсэлт өвчин түүхий нүүрс хэрэглэж байсан 2018-2019 оны үетэй харьцуулахад буурсан үзүүлэлттэй байна. Зүрхний шигдээсээс шалтгаалсан нас баралт 2022 оны 1 дүгээр сард өндөр байсан нь буурсан үзүүлэлттэй байна. Уушгины өвчлөлөөс болж нас барах тохиолдол хэвээрээ буюу өндөр байна.
УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл:
Тавантолгой компанийн тайланг сонсоход 1 их наяд төгрөгийн алдагдал яригдаж байна лээ. Алдагдсан боломжоор ярихад хэрэв үүгээр ипотекийн зээл олгосон бол бол УБ-ын 180 мянган янданг шийдэж, хүүг нь хөнгөлж орон сууцжуулах мөнгийг үнэгүй зарцуулсан юм биш үү.
Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн:
2020 онд утаа тодорхой хэмжээгээр буурсан. Бүх тоон үзүүлэлт хоёр дахин, цаашлаад зарим үед 60-70 хувь ч буурсан. Сайжруулсан шахмал түлш хэрэглэхээс өмнө Багануурын нүүрс 1,2 сая тонн хэрэглэж байсан бол 2019-2020 оны өвөл 300 мянган тонн түлш хэрэглэж, буурсан. Жилд 340 мянган тонныг хэрэглэж байхад утаа мэдэгдэм буурсан. Өмнө нь шалгалт, хяналт их сайн байсан юм байна лээ. Харин 600 мянган тонныг хэрэглэхээр тодорхой хэмжээгээр бууруулах шаардлага гарсан учраас хагас коксжих нүүрс үйлдвэрлэхийг талууд дэмжиж туршилтаар дөрвөн төрлийн түлш хийсэн. Дэгдэмхий тоосонцор нь 50-аас доошгүй хувиар буурч байна. Гутал хийсэн ч өмсөж үзээд туршдаг биз дээ. Тэгэхээр тодорхой хэмжээний туршилт хийхээс өөр аргагүй. Харамсалтай нь шүүмжлэл дагуулаад байгаа учраас энэ асуудал хэрэгжихгүй болсон.
Тавантолгой Түлш ХК-ийг нэг их наяд төгрөгийн алдагдалтай байна гэж байна. Өнөөдрийн байдлаар цахилгаан эрчим хүчний 196 мянган хэрэглэгч байна. Нэг айлаас салаалж эрчим хүчдэг авдаг айл өрхийг тооцвол 220-230 мянган айл өрх байгаа ба УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл дурдсан 6000 гаруй айлыг ипотекийн зээлд хамрууллаа гэхэд 214 мянган яндан үлдэж, утааг дорвитой бууруулахгүй байсан учраас сайжруулсан шахмал түлш үйлдвэрлэсэн юм билээ. Бусад дэлхийн улсуудын дагаж байгаа шийдвэрийг л дагаж байгаа. Ойрын хугацаанд түлшээ сайжруулж, дунд болон урт хугацаанд орон сууцжуулж, цаашлаад газны хэрэглээг нэвтрүүлж утааг “ялах” шийдэл байна.
Энэ жил өмнө нь хэрэглэж байсан шахмал түлшээ хэрэглэнэ. Утаа буурах эсэхийг урьдчилан хэлэх боломжгүй байна.