МУИС-ийн Бизнесийн сургуулийн санаачлагаар Монголын Энтрепренерүүдийн Нэгдсэн Чуулганыг 2014 оноос эхлэн зохион байгуулж байна.
Энэхүү чуулган нь Монгол улсад энтрепренершипийг хөгжүүлэх, төрийн бодлого, хууль эрх зүйн орчин, санхүүжилтийн механизмыг сайжруулах, энтрепренерийн боловсрол түгээх төрийн болон төрийн бус байгууллагууд, энтрепренерүүдийн оролцоог нэмэгдүүлэх, дэмжих, төр хувийн хэвшил, их дээд сургуулиудын хамтын ажиллагаа, уялдаа холбоог сайжруулахад чиглэсэн үйл ажиллагаа бөгөөд жил бүр уламжлал болгон зохион байгуулагдаж байна.
Өнгөрсөн 2022 оны чуулганы хувьд Эрүүл хүнс – Эрүүл Монгол хүн уриан дор Хүнсний чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуй нэгжийн хүрээнд хүнс үйлдвэрлэлийн бизнес загварыг хөгжүүлэх боломж, туршлага сэдвийн дор зохион байгуулсан.
Энтрепенерүүдийн Эко системд оролцогч талуудын хамтын ажиллагааг хөгжүүлэх, хүнсний салбарын тулгамдаж буй асуудлуудыг хэлэлцэн шийдвэр гаргах, хүнс үйлдвэрлэлийн бизнес загварыг хөгжүүлэх, зөвлөх үйлчилгээг үзүүлэх, төр, энтрепренерүүд хүнсний чиглэлээр бизнес эрхлэгчид, их дээд сургуулиудын хамтын ажиллагааг өргөжүүлэх, ЖДҮ эрхлэгчдэд бизнесээ өргөжүүлэх сэдэл болоод мэдлэг мэдээлэл өгөх, харилцаа холбоог өргөжүүлэх, туршлага солилцох талаар тус тус хэлэлцсэн.
2022 оны чуулганд 70 гаруй ЖДҮ-ийн төлөөлөл, 4 их дээд сургууль, төрийн болон төрийн бус байгууллагуудын төлөөлөл, 1 олон улсын байгууллага нийт 200 орчим оролцогчид оролцсон. Энэхүү чуулганы хүрээнд Хүнс үйлдвэрлэлийн бизнес загварыг хөгжүүлэх, менежментийн зөвлөх үйлчилгээг үзүүлэхээр Улаанбаатар ариутгал ХХК, Мөөжиг органик ХХК, Дэвжих оюу ХХК, Булган аймгийн “Сумын нуга” хоршоог сонгон авч зөвлөх үйлчилгээг үзүүлж байна.
МОНГОЛЫН ЭНТРЕПРЕНЕРҮҮДИЙН НЭГДСЭН ЧУУЛГАН 2023
“Ногоон Бизнес-Тогтвортой Хөгжил” уриан дор “Ногоон Бизнес Загварыг Хөгжүүлэх Боломж, Туршлага” сэдвийн хүрээнд ээлжилт чуулганаа 2023 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр зохион байгуулахаар ажиллаж байгаа бөгөөд ногоон бизнес, ногоон технологийг хөгжүүлэх чиглэлээр үйл ажиллагаа эрхлэдэг сургалт, судалгааны байгууллага, бизнес эрхлэгчид, санхүү, хөрөнгө оруулалт, зөвлөх үйлчилгээний байгууллагуудтай хамтран ажиллана.
Тус чуулган нь нэгдсэн чуулган, туршлага солилцох уулзалт, зөвлөн туслах үйл ажиллагаа гэсэн бүрдэл хэсгүүдтэй байх бөгөөд:
- Нэгдсэн чуулганд сэдвийн хүрээнд илтгэл тавих,
- Ногоон бизнес, технологийн энтрепренерүүдийн танилцуулга, үзэсгэлэнд оролцох,
- Ногоон бизнес, технологийн энтрепренерүүдийн төслийн танилцуулгыг хөрөнгө оруулагчид болон бизнес эрхлэгчдэд танилцуулан хөрөнгө оруулалт татах болон технологийн зөвлөхүүдээс зөвлөгөө авах боломжтой.
СЭДЭВ:“НОГООН БИЗНЕС ЗАГВАРЫГ ХӨГЖҮҮЛЭХ БОЛОМЖ,ТУРШЛАГА”
ХУГАЦАА: 2023 оны 11 дугаар сарын 30-ний өдөр 09:00-18:00
ХААНА: МУИС-ийн Номын санд 502 тоот өрөө
ЧУУЛГАНЫ ЗОРИЛГО, ЗОРИЛТУУД
2023 оны чуулганы зорилго нь эко-системийн бүрэлдэхүүн хэсгийн нэг болох “НОГООН БИЗНЕС ЗАГВАРЫГ ХӨГЖҮҮЛЭХ БОЛОМЖ, ТУРШЛАГА” сэдвийн дор Монгол улс дах ногоон бизнесийн санхүүжилтын боломжууд, ногоон санхүүжилт олж авах, хууль эрх зүйн хүрээнд тулгарч буй бэрхшээл, тогтвортой ногоон бизнесийг хөгжүүлэх боломж, стратеги тэдгээрийг шийдвэрлэх арга замуудыг илрүүлж, бодлого боловсруулагчдад хүргүүлэхэд оршино.
“Монголын Энтрепренерүүдийн Нэгдсэн Чуулган 2023”-ын зорилтууд:
- Монгол улс дах ногоон бизнест санхүүжилт олж авах боломж
- Ногоон бизнест хөрөнгө оруулахад тулгарч буй бэрхшээл
- Ногоон бизнесийн үнэлгээ
- Тогтвортой ногоон бизнесийг хөгжүүлэх боломж, стратеги
- Ногоон бизнест хууль эрхзүйн хүрээнд тулгамдаж буй асуудал
- Олон улсад ногоон бизнесийг санхүүжүүлэх, хөрөнгө оруулахад хэрэгжүүлж буй сайн туршлага, Монгол улсад хэрэгжүүлэх боломж
ЧУУЛГАНД ОРОЛЦОГЧИД
- Банк, санхүүгийн байгууллагууд
- Гарааны бизнес эрхлэгчид
- Бодлого болосвруулагчид
- Их дээд сургуулиудын удирдлага, багш, судлаачид, оюутнууд
- Ногоон бизнесийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ТББ-ын төлөөлөл, олон улсын байгууллагууд
ЧУУЛГАНД ОРОЛЦОГЧДЫН ХҮРТЭХ АШИГ ТУС
Монголын Энтрепренерүүдийн Нэгдсэн Чуулган 2023-д оролцсоноор та дараах үр ашгуудыг хүртэх боломжтой. Үүнд:
- Ногоон бизнес эрхлэгчид бизнесийнхээ өсөлт, хөгжилд томоохон хувь нэмэр оруулах боломжтой менторууд, хөрөнгө оруулагч нартай харилцаа холбоо тогтоох,
- Ногоон бизнест хөрөнгө оруулах, ногоон бизнесүүд өөрийн бизнесийг үнэлж санхүүжилт авахад шаардлагатай мэдлэг, мэдээлэл авах, харилцаа холбоо тогтоох, ирээдүйн бизнесийн хамтрагчаа олох боломжтой.