Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ энэ оны хоёрдугаар сард БНСУ-д айлчлахдаа ховор металл нийлүүлэх сүлжээнд хамтран ажиллах тухай харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурсан. Энэ хүрээнд манай улсын ховор металлд нэмүү өртөг шингээх, эргэлтэд оруулах зорилгоор БНСУ-ын засгийн газар буцалтгүй тусламжаар 9.7 тэрбум вонн санхүүжүүлэхээр болоод буй.
Тус ажлын эхлэл болгон Монгол-Солонгосын хамтарсан хорооны анхдугаар хуралдааныг өчигдөр хийж, “Ховор металлын судалгааны төв байгуулах хамтарсан хороо”-г байгууллаа.
Цаашид дараах дөрвөн чиглэлээр ажиллахаар талууд тохиролцов.
- Ховор металлын судалгааны төв байгуулах
- Боловсон хүчин бэлтгэх /Монголд суралцаж буй оюутнуудыг Солонгост магистр, докторын хөтөлбөрт хамруулна/
- Ховор металл баяжуулах, боловсруулах технологийг Монголд нутагшуулж, эзэмшүүлэх
- Монгол-Солонгосын хамтарсан бизнес инкубатор байгуулж, хөрөнгө оруулах сонирхолтой Солонгосын ААН, хөрөнгө оруулагч нарыг Монголын уул уурхайн компаниудтай холбож талууд ашиг олох боломж бүрдүүлэхээр нийт 5 жилийн хугацаанд ажиллах төлөвлөгөөтэй байна.
Ажлын гүйцэтгэгчээр Солонгосын талаас Геологи, эрдэс баялгийн хүрээлэн /КИГАМ/, Уул уурхайн нөхөн сэргээлт, ашигт малтмалын корпорац /КОМИР/ ажиллах юм.
БНСУ-ын Геологи, эрдэс баялгийн хүрээлэнгийн төслийн ерөнхий менежер Хо Сок Чон “Монгол Улс байгалийн нөөц баялаг ихтэй ч эдийн засгийн үзүүлэлт нь хурдтай биш гэж би бодож байна. Энэ харьцангуй хөгжиж байгаа эдийн засгийг ховор металлын судалгааны төв байгуулж, технологи нэвтрүүлж, олборлолт хийснээр хөгжилд хувь нэмэр оруулах боломжтой гэсэн хүлээлт бий.
Солонгос улс 40 их наяд вонныг ховор металлын импортод зарцуулдаг.
Харин Солонгос бол эрдэс баялгийн нөөцгүй шахуу улс. Импортод найдсан байдалтай байна. Тиймээс найдваргүй импортын орчныг илүү тогтворжуулах, импортлогчдыг төрөлжүүлж, олон сайн үр дүн гарна гэж найдаж байна.
Солонгос улс дэвшилтэт технологийн чиглэлээр бусад орнуудтай харьцуулахад хөгжингүй түвшинд байгаа. Тиймээс дэвшилтэт технологид тулгуурласан ховор металлын хэрэгцээ маш их байдаг.
Монгол Улс ховор металлын нөөцтэй ч түүнийгээ нийлүүлэх зах зээл болон боловсруулах технологи байхгүй гэж хэлсэн. Харин Солонгос улсад ховор металлын хэрэгцээ их байгаа бөгөөд миний сонссоноор 40 их наяд вонныг ховор металлын импортод зарцуулдаг. Бараг л 100 хувь импортын хамааралтай.
Уул уурхайн олборлолтын салбар бол маш их эрсдэлтэй. Орд байлаа гэхэд бүрэн ашиглалтад оруулж, ашигтай ажиллана гэсэн баталгаагүй. Тиймээс хоёр улсын хамтарсан инкубатороор дамжуулж Солонгосын хөрөнгө оруулагч болон Монголын компаниудыг бүрэн эрсдэлгүй орчинд ажиллуулна гэсэн төлөвлөгөөтэй байна.
Ирэх жилээс ховор металлын баяжуулалт, боловсруулалтын тоног төхөөрөмжүүдийг Монголд нийлүүлж, суурилуулж, эхэлнэ. Боловсруулалт туршилтыг хийсний дараа буюу 2025 оноос эхний шатны зарим бүтээгдэхүүнийг гаргах боломжтой гэсэн төсөөлөл байна.
Хоёр улс харилцан ашигтай ажиллана гэж найдаж байна” гэв.
Газрын ховор металл манай орны олон бүс нутагт илэрдэг буюу 5-6 газар нөөц тогтоогдсон ч нарийн судлаагүй. Учир нь шинжилгээ хийх технологи, тоног төхөөрөмж, хүний нөөцгүй гэдгийг Геологийн судалгаа, шинжилгээний төвийн захирал Д.Мөнхбаатар хэллээ.
Солонгос улс лити, графит зэрэг ховор металлаар баттарей, чип хийдэг аж.
Мөн ховор металлын судалгааны төв байгуулах зорилгоор одоогийн Геологийн судалгаа, шинжилгээний төвийн байрыг шинэчлэн засварлахаар болж, хамтарсан хороо тус төвийн байртай танилцсан юм. Тус төв 1976 онд ашиглалтад орж, барилгыг засварлаагүй аж.