Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гарган төр, нийгэм, цэргийн нэрт зүтгэлтэн, хурандаа генерал С.Равдангийн нэрэмжит, Цэргийн гавьяаны улаан тугийн одонт Үндэсний аврах бригадыг Сүхбаатарын одонгоор шагналаа.
Шагналыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар гардуулж, алба хаагчдад Үндэсний аврах бригадын 55 жилийн ой, Онцгой байдлын алба байгуулагдсаны баярын мэнд хүргэв.
1967 онд Төмөр замын барилга засвар, сэргээн босголтыг хариуцах үүрэгтэй тусгай батальон байгуулагдсанаар Онцгой байдлын ерөнхий газрын харьяа Үндэсний аврах бригадын суурь тавигдсан юм.
Бригадын алба хаагчид улсын хэмжээнд байгаль, цаг уурын аюулт үзэгдэл, осол, гамшгаас хүний амь нас, эрүүл мэнд, өмч хөрөнгийг авран хамгаалах үүргээ нэр төртэй биелүүлж байна.