Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа:
-Байнгын асаргаа шаардлагатай хүүхдүүдийн эцэг эхчүүдийг хүлээж авч уулзаж, Засгийн газрын хуралдаанаар асуудлыг авч хэлэлцсэн байгаа. Тодруулбал, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд тулгамдаж буй 26 асуудлыг авч хэлэлцсэнээс тархины саажилттай хүүхдүүдийн нэн шаардлагатай эмийн төлбөрийг төрөөс даах шийдвэр гаргалаа. Мөн хөнгөлөлттэй олгодог эмийн жагсаалтад шаардлагатай эмүүдийг оруулж өгөх үүрэг өгсөн. Дараагийн чухал асуудал бол тархины саажилттай хүүхдүүдэд хийдэг яаралтай тусламжийн хагалгааг дотоодод хийх боломж бүрдүүлэхийг ЭМЯ-ны сайд болон ГХЯ-ны сайдад үүрэг өгсөн байгаа. Мөн байнгын асаргаа шаардлагатай хүүхдүүдийн эцэг, эхийн аль нэгнийх нь нийгмийн даатгалын шимтгэлийг төрөөс даадаг болох тухай, халамжийн тэтгэвэрг тэтгэмжийг нэмэгдүүлэг ажлыг даалгасан.
Асран хамгаалагчдад 123 мянган төгрөг өгдөг бол насанд хүрсэн иргэнд 85 мянган төгрөг төлдөг. Үүнийг хөгжлийн бэрхшээл, хөдөлмөрийн чадварын хувь алдалтаас шалтгаалж өөр, өөр дүнгээр тогтоох чиглэл Ерөнхий сайд өгсөн.
Мөн хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй ажилладаг сурган хүмүүүжүүлэгч, багшийн цалингийн 30 хувийн урамшууллыг тогтвортой олгох, цаашид нэмэх тал дээр анхаарна. Дархан, Дундговь зэрэг зургаан аймагт хөгжлийн бэрхшээлтэй хүний төвийг барьж, ирэх есдүгээр сард ашиглалтад оруулна.
-Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн буцаан олголт энэ сараас эхэлж хэрэгжих үү?
-Нэг сая төгрөгөөс доош цалин хөлстэй иргэдийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн 50 хувийн буцаан олголтыг энэ сарын 25-наас хойш оруулна. Тавдугаар сард төлсөн шимтгэлийн 50 хувь энэ сарын 25-наас эхлэн эргэн олгогдоно гэсэн үг. Монгол Улсын хэмжээнд 400 мянга гаруй хөдөлмөр эрхлэгч нэг сая төгрөгөөс доош цалинтай байна. Эдгээрийн 80 мянга гаруй нь сайн дурын даатгуулагч байгаа юм. Ингэхлээр эдгээр бүх хүний буцаан олголт энэ сараас эхэлж орно.
Мөн Капитал банкны өр төлбөртэй холбоотой асуудлыг ажлын хэсэг хариуцаж байгаа. Бидний зүгээс барьцаанд байсан зүйлсийг борлуулж, хохирсон иргэдийн хохирлыг барагдуулахаар ажиллаж байна.
Чингис хаан банктай холбоотой зоорийн асуудал мөн бий. Гэхдээ борлуулалт, шилжүүлэлт хийгдээгүй байгаа учраас өр, авлага хэдийгээр орж ирэхийг хэлэх боломжгүй. Ямартай ч нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн мөнгө, хохирол барагдуулах ажил үргэлжилж, ажлын хэсэг анхаарч байгаа.
“ГАДААДЫН ТУРШЛАГАТАЙ ЭМЧ НАРЫГ БАГААР НЬ АВЧ ИРНЭ”
Эрүүл мэндийн сайд С.Энхболд:
-Хөгжлийн бэрхшээлтэй тэр дундаа тархины саажилттай хүүхдүүдэд мэдрэлийн ёзоор тайрч, уналт таталт багасгаж байгаа хагалгааг эхний ээлжид монгол хийдэг болохыг төлөвлөж байна. Юуны түрүүнд гадаадын туршлагатай эмч нарыг багаар нь авч ирж, дотоодын эмч нартай хамтран ажиллуулна. Дараагийн нэг арга хэмжээ бол боловсрол, эрүүл мэнд, халамж зэрэг тусламж үйлчилгээг нэгдсэн төвөөр дамжуулан олгохоор болсон. Ажлын хэсэг гарсан бөгөөд судалгааны ажлууд хийгдэж байна.
Олон улсын эмчилгээний багийг авч ирэхэд зардлаас эхлээд олон асуудал бий. Гэхдээ цаашид бий болох боломжуудыг харвал дотоодод дээрх хагалгааг хийх нь давуу талтай.
-Нярайн шарлалттай холбоотой эмчилгээг хэрхэн хийж байна вэ?
-Төрсөн нярай өрхийн эмнэлгийн хяналтад байгаа. Монгол Улсын хэмжээнд 200 гаруй өрхийн эмнэлэг байгаа. Мэдээж тэр бүрт шарлалтын тоног төхөөрөмж өгөх боломжгүй. Бүгд тендерээр шалгаруулалт хийж тоног төхөөрөмжийг авч байгаа. Дүүргийн болоод төрөх эмнэлгүүдэд шарлалтын төхөөрөмжийг тогтмол нийлүүлж байгаа.
-Ямар, ямар эмүүд хомсдож, тасалдаад байна. Татан авалтыг зохицуулах боломж бий юу?
-Олон улсын нөхцөл байдлаас шалтгаалж зарим нэр төрлийн эмүүд тасалдсан.и Мөн нөөцийн хомсдолд ороод байгаа. Тухайлбал, уналт таталтын эм. Эдгээр тасалдаад байгаа эмийг оруулж ирэхэд бид заавал тусгай зөвшөөрөл гэхгүй нэг удаагийн лицензийг мөн олгож байгаа. Ингэснээр хувь хүмүүс компани байгуулж нэн шаардллагатай эмүүдийг нийлүүлэх боломжтой болсон.
“ЭРДЭНЭБҮРЭНГИЙН УСАН ЦАХИЛГААН СТАНЦЫН НҮҮЛГЭЛТЭД НЭГ ИРГЭНД 15 САЯ ТӨГРӨГ ОЛГОНО”
Эрчим хүчний сайд Н.Тавинбэх:
-Шинэ сэргэлтийн бодлогод хэрэгжих төсөл арга хэмжээний хэрэгжилтийн явцын талаар танилоцуулга хийлээ. Үндсэн таван зорилт дэвшүүлж, 23 төсөл арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа. Эдгээрийн дийлэнх нь өсөн нэмэгдэж буй эрчим хүчний хэрэглээг хангахад анхаарсан. Өнөөдрийн байдлаар шинэ сэргэлтийн бодлогод тусгасан томоохон төсөл хөтөлбөрүүдийн барилга угсралтын ажлаас долоон аймгийнх нь эхлээд явж байна. Мөн сэргээгдэх эрчим хүчний таван эх үүсвэрийг баруун бүсэд барьж байгуулахаар тусгагдсан. Энэ ажил амжилттай эхэлсэн. Ховд аймгийн Мянгат суманд баригдсан нарны 10 МкВ эрчим хүчний станц баригдаж ашиглалтад орсон. Энэ долоо хоногт Амгалангийн дулааны станцын өргөтгөлийн төслийн ажил эхэлнэ.
Мөн сонгины 220 квт дэд станцыг түшиглэж батерейн цэнэгт хураагуурыг барих ажлыг эхлүүлэх бэлтгэл ажил бүрэн хангагдаад байна.
Дархан дулааны станцын хоёр дахь удаа зарлагдсан тендерт хоёр компани одоогоор оролцож байна. Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын хувьд монголын талаас нүүлгэн шилжүүлэлтээс бусад бүх ажлууд бэлэн болсон. Хятадын талаас Засгийн газрын зээлийг төрийн зөвлөлөөр оруулах ажил хийгдэх гэж байгаа мэдээлэл ирсэн. Эдгээр бүтээн байгуулалтаас гадна санхүүжилттэй холбоотой асуудлууд тулгарч байна. Үүнтэй холбоотой Засгийн газраас Хөгжлийн банканд чиглэл өгсөн.
Эрдэнэбүрэнгийн цахилгаан станцын нүүлгэн шилжүүлэлтийн хувьд нөлөөлөлд автсан 271 өрхийн 1210 иргэн байна. Малчдын хувьд газар тариалан эрхэлж байгаа учраас нөхөн олговор маш бага, хангалтгүй байгаа. Тиймээс эрчим хүчний яамнаас санаачилж биед бус нөхөн олговрыг Засгийн газрын хуралдаанд оруулсан. Ингэснээр нэг иргэнд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 36 сартай тэнцэх буюу 15 сая 100 мянган төгрөг олгоно.