Хеликобактер гэж юу вэ?
Ходоодны шарх гэж нэрлэгдэх энэ эмгэг нь ходоод, дээд гэдэсний ханыг гэмтээн шархлаа үүсгэдэг, архаг, дахилтат өвчин юм. Уг өвчин нь насанд хүрэгсдийн 5-10 хувьд тохиолддог. 50 хүртэлх насны эрэгтэйчүүдэд эмэгтэйчүүдээс илүү тохиолдож байна.
Шалтгаан:
Дээд гэдэсний шархлааны 95, ходоодны шархлааны 87 хувь нь хеликобактери пилорийн шалтгаантай байдаг. Шархлаа өвчинд удмын өртөмтгий байдал ажиглагддаг ба нэгдүгээр бүлгийн цустай хүмүүс илүү өвчилдөг.Мөн үрэвслийн эсрэг, өвдөлт намдаах, дааврын, хавдрын эсрэг бэлдмэлүүдийг удаан хугацаагаар хэрэглэх нь ходоод, дээд гэдэсний шархлааны шалтгаан болдог. Эдгээр бэлдмэлийг 30-аас дээш хоногоор ууж болохгүй. Манай ШУГТЭ-ийн эмчлүүлэгсдийн дунд толгой өвддөг шалтгаанаар цитрамон эмийг өдөр бүр удаан хугацаагаар хэрэглэсний улмаас ходоодны шархлаа өвчин, цус алдаж хүндэрч ирэх тохиолдол элбэг байдаг. Цитрамон нь кофейн агуулсан учир эмийн хамааралт байдал үүсгэдэг.
Тиймээс эм л хэрэглэхгүй бол өвдөлт намдан, бие амрахгүй мэт санагдах тул дахин дахин хэрэглэх болчихдог. Мөн ахимаг насны эмэгтэйчүүд үе мөч, ялангуяа өвдөгний үе өвдсний улмаас индомон, диклоденк, ибупрофен, аспирин, наклофен зэрэг өвчин намдаах эмүүдийг удаан хэрэглэдэг. Эдгээр эмийг удаан хэрэглэснээр ходоодны шархлаа үүсч, зарим тохиолдолд даамжирч цоорох, цус алдах хүндрэл гардаг.
Хеликобактер гэж юу вэ?
Энэ нь бактерийн нэг хэлбэр. Австралийн судлаач R.Warren, B.Marshal нар хүний ходоодны хучуур эсийн гадаргуу дээр байрлах мушгиа хэлбэрийн энэ бактерийг анх олж нээжээ. Мөн ходоодны шархыг үүсгэдэг болохыг нотолсон байна. Mанай оронд H-pylori-ийн халдвар бусад хөгжиж буй орнуудын адил тархалт өндөр байдаг. Улаанбаатар хотын насанд хүрэгчдийн 69 хувь, эрүүл өсвөр насны хүүхдүүдийн 64 хувь, ходоодны шархлаа өвчтэй эмчлүүлэгсдийн 65,7 хувь нь тус бактерийн халдвар авсан нь тогтоогдсон. Гэвч халдвар авсан хүн болгон ходоодны шарханд өртдөггүй. Хеликобактери буюу Н.pylori нь халдвартай хүний шүлс, өтгөнөөр дамжин хүнд халдварлана.
Хеликобактер яаж шарх үүсгэдэг вэ?
Н.pylori -нь ходоод, дээд гэдэсний ханыг хамгаалагч салслаг бүрхүүл үүсгэгчийн ялгаралтыг сулруулдаг. Үүний улмаас ходоод дээд гэдэсний хана мэдрэмтгий болж, ходоодны хүчил ялгаруулалтыг нэмэгдүүлдэг. Түүнчлэн бактерийн ялгаруулж буй шүүрлийн нөлөөгөөр шархалдаг байна. Шархлаа өвчнийг сэдрээх хүчин зүйл:
• Архи, тамхи, давсалсан бүтээгдэхүүн, хэт халуун ногоо, хэт хүйтэн хоол хэрэглэх, хийжүүлсэн ундаа, бэлэн хоол байнга хэрэглэх нь ходоод гэдэсний шүүрэл ялгаралтыг ихэсгэн шархлаа үүсэх эрсдэлийг ихэсгэдэг. Давс нь хеликобактерийн хоруу чанарыг ихэсгэх нөлөөтэй, ходоодны хавдар үүсэх эрсдлийг эрс нэмэгдүүлдэг байна.
• Стресс, уур бухимдал, сэтгэл санааны дарамт, гутрал, нойргүйдэл нь ходоодны шархлааны шууд шалтгаан болохгүй ч нөлөө үзүүлдэг нь тогтоогдсон.Ямар шинж тэмдэг илрэх вэ?
• Эмнэлзүйн илрэл нь шархны байрлал, хэмжээ, гүн, ходоодны шүүрлийн байдал, өвчтөний наснаас хамаарна.
• Шархлаа өвчний нийтлэг шинж нь өвдөлт юм. Голлон аюулхай орчим өвдөнө.
Ходоодны дээд хэсгийн шархлааны үед хоол идсэнээс 0,5-1 цагийн дараа өвдөлт мэдрэгдэж аажмаар нэмэгдэн 1,5-2 цагийн дараа өвчин намддаг. Ходоодны гарах хэсгийн байрлалтай үед хоол идсэнээс хойш 1,5-2 цагийн дараа илэрч, хоол идсний дараа намддаг. Дээд гэдэсний шархлааны өвдөлт нь өлөн үед болон шөнийн 24.00-03.00 цагийн хооронд илэрдэг.
• Өвчтний 10 хувьд огт өвдөлт илрэхгүй тохиолдол байдаг.
• Цээж гашуун оргих, хорсох, халуун оргих мэт мэдрэмж төрнө.
• Бөөлжих, гулгих, огих, аюулхай дээр цанхайх шинж илэрнэ.
• Хоолны дуршил голлон ихсэх боловч хоол идэхээр өвддөг. Тиймээс хоол идэхээс татгалзах шинж гарна.
• Өтгөн хатах эсвэл суулгалттай ээлжилнэ. Баас хар гарах нь ходоодны шархнаас цус шүүрч, цус алдаж байгаагийн шинж юм. Үүнийг хүмүүс анзааралгүйгээр хүндрүүлэх явдал цөөнгүй.
• Өвчин удаан үргэлжилсэн тохиолдолд ядрах, бие сулрах, нойргүйдэх, цочромтгой болох, турах шинж илэрнэ.
Хүндрэл:
• Цус алдах
• Ходоод цоорох
• Шарх хажуугийн эрхтэнд нэвчих
• Ходоодны гарах хэсэг нарийсах
• Хавдарт шилжих
Цус алдалт нь хамгийн элбэг тохиолддог хүндрэл юм. Эмийн шалтгаант шарх нь ямар нэг өвдөлтийн шинжгүйгээр цус алдалтаар илрэх тохиолдол цөөнгүй. Японы эрдэмтэд 12 жилийн хугацаанд хеликобактери илрээгүй хүмүүсийг судалж үзэхэд хавдрын тохиолдол бүртгэгдээгүй байна. Харин хеликобактери илэрсэн хүмүүст хавдар илрэх эрсдэл өндөр байжээ.
Оношлогоо:
Хэрэв шарх байна гэж эмч сэжиглэсэн тохиолдолд дурандаж оношийг тодруулна. Дуран хийх боломжгүй бол бари гэж нэрлэгдэх шохойлог шингэн уулгаж, рентген гэрэлд харж оношлоно.Н.pylori -ийг илрүүлэх тест хийнэ. Энэ шинжилгээ их чухал. Учир нь шарх юунаас болж үүссэнийг тогтоодог. Энэ нь цаашид ямар эмчилгээ хийхийг чиглүүлэх ач холбогдолтой байдаг юм. Сүүлийн жилүүдэд ид залуу насны хүмүүсийн дунд даамжирсан хавдрын тохиолдол гарах болсон. Тиймээс хөдөлмөрийн насны залуучууд маань жилд 1 удаа урьдчилан сэргийлэх эмчийн үзлэгт заавал хамрагдах нь зүйтэй.
Эмчилгээ:
Эмчлүүлэгч өөрийн дураар эмчилгээг хэрхэвч хийж болохгүй. Өвчний явц, үе шат, хүндрэлээс хамааран өөр өөр эмчилгээний дэг баримтална. Шархлаа өвчин хүндэрсэн тохиолдолд эмнэлэгт хэвтүүлэн эмчилнэ. Шархлаа өвчин архаг дахилтат явцтай, удаан хугацаагаар эмчлэх шаардлагатай байдаг. Хүндрэл илрээгүй тохиолдолд өвчний сэдрэл намжиж эхлэх үед гэрээр, өрхийн эмчийн хяналтад, нарийн мэргэжлийн эмчийн заасан эмийн эмчилгээг хийж болно.
Хоол:
Ходоодны шархыг эмчлэх өвөрмөгц хоол байхгүй. Гэхдээ шархлаа өвчний сэдрэлийн үед механик болон химийн цочрол багатай хөнгөн хоол ид. Бага багаар, өдөрт 5-7 удаа хооллох хэрэгтэй. Хэт халуун ногоо, өөх тос ихтэй хоол, кофе, шоколад, давсалсан, лаазалсан бүтээгдэхүүн, архи, тамхи хэрэглэхийг хориглоно.
Эмийн эмчилгээний зарчим нь:
Ходоодны салстыг хамгаалах хүчин зүйл ба халгаат хүчин зүйлийн тэнцвэрийг тогтворжуулахад чиглэсэн эмийн эмчилгээ- Хеликобактери устгах ба хүчил дарангуйлах эмчилгээ- Цус алдалт хүндэрсэн тохиолдолд цус тогтоох эмчилгээ – Шархны эдгэрэлт удаан, эмийн эмчилгээ үр дүнгүй, том хэмжээний шархыг мэс заслаар эмчилнэ.
Урьдчилан сэргийлэлт:
Ажил амралтаа зохицуулах Сэтгэл санаа тогтвортой байх Оюуны болоод биеийн хүчний ядаргаанаас зайлсхийх Ходоодны салстыг цочроох эмийн бодис хэрэглэхдээ анхаарах Хорт зуршлаас зайлсхийх Хеликобактерийн халдвараас зайлсхийх Монгол Улс ходоодны хавдрын тохиолдлоор дэлхийд хоёрдугаар байрт ордог бөгөөд улсын хэмжээнд хавдрын нас баралтын шалтгааны дотор энэ шархлаанаас үүссэн нь хоёрдугаар байрт орж байна. Ходоодны хавдрын 74-86 хувь нь 3-4 дүгээр шатандаа оношлогдож байна. Хавдраас урьдчилан сэргийлэхэд эрт оношлогоо чухал. Эрэгтэйчүүд 45, эмэгтэйчүүд 50-аас дээш насандаа хоёр жил тутам ходоодоо дурандуулж байх шаардлагатай.
Удамд ходоодны хавдраар өвдсөн хүн байгаа бол эрт дурандуулж, дотрын эмчийн хяналтад байх хэрэгтэй. Архи уугаад улайдаг хүмүүст улаан хоолойн хавдрын эрсдэл өндөр байдаг. 25 наснаас дээш жилд нэг удаа заавал дурандуулж байх шаардлагатай. Сүүлийн 40 жилд хөгжингүй оронд давсалсан, дарсан бүтээгдэхүүнээс татгалзан шинэ жимс ногооны хэрэглээг ихэсгэж буй. Ингэснээр ходоодны хорт хавдрын тохиолдлыг бууруулсан гэж үздэг.