Кардашианы эгч, дүүсийн нэг Кайли Женнер хүүхдийнхээ өрөөг сонирхуулахад шүтэн бишрэгчдийнх нь нүд орой дээрээ гарав. Травис Скотт болон Кайли Женнер нарын хүүгийн өрөөнд маш өндөр үнэтэй тансаг тоглоомууд, цөөнгүй пүүзүүд болон номууд байжээ. Энэ дундаас хамгийн их анхаарал татсан нь 20 мянга гаруй ам.долларын үнэтэй, “Louis Vuitton” брэндийн тедди бамбарууш байв.
Кайли Женнер шинэ төрсөн хүүхдийнхөө өрөөг танилцуулсан бичлэгээ Мягмар гаригт “Youtube”-д оруулсан. Уг бичлэг нь орсон даруйдаа шуугиан тарьж, одоогоор 16.2 сая гаруй үзэлттэй байна.
“Louis Vuitton” брэндийн логогоор битүү бүрсэн бор бамбарууш 2005 онд анх худалдаанд гарч, түүнээс хойш дахин үйлдвэрлэгдээгүй. Бичлэгийг үзсэн нэгэн үзэгч уг бамбаруушийг “The Luxy shop” цахим дэлгүүр 21427 ам.доллараар зарж байхыг олжээ. Харин “Farfetch” нэртэй хэрэглэсэн бараа дахин борлуулдаг дэлгүүрт бамбаруушны арай өөр хувилбар нь 20550 ам.доллараар үнэлэгдсэн байна. Ижил төрлийн бусад бамбаруушууд “eBay” дээр 26 мянган ам.доллараас дээш үнээр зарагдаж буй. Гэвч хязгаарлагдмал тоогоор үйлдвэрлэгдсэн уг тоглоомыг анх 9000 ам.доллараар худалдаалж байжээ.
Кайли Женнерийн хүүгийн үнэтэй тоглоомын талаар үзэгчид дор бүрнээ сэтгэгдлээ илэрхийлсэн. Нэгэн үзэгч хошигносон байдлаар, “Энэ тоглоомоороо миний коллежийн төлбөрийг төлөөд өгөөч” гэсэн байв.