2022 оны нэгдүгээр сарын сүүлээр ОХУ-ын Красноярск хотод болсон Иван Ярыгиний тэмцээнд аваргалсан ДАШТ-ий алт, мөнгөн медальт, гавьяат тамирчин Сүхээгийн Цэрэнчимэд 62 кг-ын жинд Стамбулын дэвжээнд бахдам сайхан түрүүлж Монгол Улсын төрийн дууллаа эгшиглүүлэв. С.Цэрэнчимэд түрүүлэх түрүүлэхдээ жингийнхээ ихэнх шилдгүүдийг бүгдийг нь цэвэр ялсан.
Тодруулбал, 1/8 шигшээ барилдаанд “Токио-2020” олимпийн наадмын хүрэл, ДАШТ-ий нэг алт, гурван хүрэл, хошой хүрэл медальт Болгарын Тайбе Юсейнийг, шөвгийн наймд Рио-2016” олимпийн наадмын хүрэл медальт Энэтхэгийн Сакши Маликийг тус бүр цэвэр дарж, хагас шигшээд Африк тивийн анхны олимпийн медальт бөх, ДАШТ-ий мөнгөн медальт Тунисын Марва Амриг 12:1, шигшээ барилдаанд өсвөр үеийн дэлхийн аварга, залуучууд болон 23 хүртэлх насны ДАШТ-ий мөнгөн медальт АНУ-ын Мэсей Килтийг 12:0 гэсэн оноогоор цэвэр цэвэр яллаа. Тэрбээр сарын өмнө нь Красноярскт Сэм авгын бөхтэй мөн л шигшээд таарахад оноогоор цэвэр ялж байв.
Түүний жинд түрүүлэх өндөр магадлалтай бөхчүүдийн нэгээр зүй ёсоор нэрлэгдэж байсан Токиогийн олимпийн мөнгөн медальт, дэлхийн хошой аварга Кыргызстаны Айсулу Тыныбекова шөвгийн 16-гийн барилдаанд Бразилын Лаис Нунес Де Оливейрагаас ганц ч оноо салгаж чадалгүй 0:8-аар ялагджээ.
Өнөөдөр тамирчдад шагналыг Стамбул хотод суугаа Монгол Улсын ерөнхий консул Ш.Хишигсүрэн гардуулан өгчээ.
Монголын чөлөөт бөхийн холбоо