Цар тахлын улбар шар түвшинг шар түвшинд шилжүүлж, гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг цуцлах тухай Засгийн газрын тогтоол гарсантай холбогдуулан Нийслэлийн Засаг дарга захирамж гаргалаа. Тодруулбал, А/176 тоот захирамжаар нийслэлийн хэмжээнд сар бүрийн 1-ний өдөр согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг хориглосон шийдвэрийг хүчингүй болгосон. Харин А/177 тоот захирамжаар худалдаа, үйлчилгээний зарим байгууллагын ажиллах цагийн хуваарьт өөрчлөлт оруулсан юм.
Энэхүү шийдвэрийг олон нийтэд танилцуулах хэвлэлийн бага хурал болж, Нийслэлийн Засаг даргын Захиргаа, хууль эрх зүйн асуудал хариуцсан ахлах зөвлөх Д.Мөнх-Эрдэнэ, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Хүнс үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээний хэлтсийн дарга Т.Золжаргал нар оролцлоо. Нийслэлийн Засаг даргын А/176 тоот захирамж гарснаар “Цагийн хязгаар тогтоох тухай” Нийслэлийн Засаг даргын 2019 оны тавдугаар сарын 28-ны өдрийн А/504 дүгээр захирамжийн хоёрдугаар зүйл хүчингүй болж байгаа юм.
Хэвлэлийн хурлын үеэр Нийслэлийн Засаг даргын Захиргаа, хууль эрх зүйн асуудал хариуцсан Ахлах зөвлөх Д.Мөнх-Эрдэнэ “Нийслэлийн Засаг даргаас бизнес эрхлэгчдээ дэмжих, хүнд суртал, чирэгдэл бий болгож байгаа төрийн үйлчилгээг таслан зогсоох шийдвэрүүдийг удаа дараа гаргаж байгаа. Өчигдөр гаргасан захирамж бол үүний нэг. Шийдвэр гаргахын өмнө холбогдох тооцоо, судалгааг хийсэн. Архидан согтууруулахтай тэмцэх бодлогыг хориглосноос илүү зохистой хэрэглээг дэмжих, соён гэгээрүүлэх бодлогыг баримтлах нь зөв зүйтэй юм. Олон улсын жишиг судалгаанаас харахад согтууруулах ундааны худалдааг хориглосноор амжилт гарсан түүх байхгүй. Согтууруулах ундааг худалдахыг хориглосноор дамын наймаа, хууль бус худалдааг өөгшүүлээд зогсохгүй, ахуйн хүрээний архидалт, хяналтгүй нөхцөл байдал руу түлхэж байсныг олон судалгаа харуулсан. Энэ бүхнээс үүдэн Нийслэлийн Засаг даргын А/176 тоот захирамж гарсан” гэлээ.
Нийслэлийн нутаг дэвсгэрт сар бүрийн 1-ний өдрийн 00:00 цагаас 2-ны өдрийн 00:00 цаг хүртэлх хугацаанд согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг хориглосон шийдвэрийг хүчингүй болгосонтой холбогдуулан аж ахуйн нэгж, байгууллага, иргэд үйл ажиллагаандаа Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн 7, 8 дугаар зүйл, 9 дүгээр зүйлийн 9.2 дахь хэсэгт заасан хориглолтыг чанд мөрдөж ажиллах хэрэгтэй юм.