Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас Монгол-Японы эмнэлгийг Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн харьяанд шилжүүлж, тус эмнэлгийн үйлчлэх хүрээг тогтоох, их сургуулийн эмнэлгийн тогтолцоог хөгжүүлэх, үйл ажиллагаанд нь хяналт тавьж ажиллахыг Боловсрол, шинжлэх ухааны сайд, Эрүүл мэндийн сайд нарт даалгасан байна.
Их сургуулийн эмнэлэг нь эмнэлгийн болон бусад мэргэшлээр суралцаж буй оюутан, эмч, эрүүл мэндийн ажилтанд анагаах ухаан болон эрүүл мэндийн боловсрол олгох, эмнэлгийн мэргэжилтнийг мэргэшүүлэх, давтан сургах, эрдэм шинжилгээ судалгааны ажил эрхлэхийн зэрэгцээ үндсэн болон төрөлжсөн мэргэшлээр эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэх аж.