Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Хөгжлийн банкны асуудлыг хэлэлцлээ. 2011 онд өөрийн гэсэн бие даасан хуультайгаар байгуулагдсан энэ банк хөгжлийн төслүүдийг санхүүжүүлэх зорилготой. Тус банкны зээлийн 60 хувь нь Монгол Улсын экспортыг нэмэгдүүлэх дэмжих ёстой.
Өнөөдрийн байдлаар Хөгжлийн банк 3.1 их наяд төгрөгийн зээлийн багцтай. Үүний 55 хувь нь чанаргүй зээл байна. Нийт 28 зээлдэгчдийн 1 их наяд төгрөгийн зээлийг шүүхэд шилжүүлж, 14 байгууллагын зээл хууль, хяналтын байгууллагад шалгагдаж байна. Тухайлбал, АТГ-т 10, эрүүгийн цагдаад 3 зээлдэгч шалгагдаж байна.
Хөгжлийн банкны 20 зээл буюу нийт 520 тэрбум төгрөгийг зориулалтын бусаар зарцуулсан байна. Энэ асуудлыг хуулийн байгууллагатай хамтран шалгуулах аж.
2022 оны 01 дүгээр сарын 24-нөөс хойш 8.6 тэрбум төгрөгийн зээлийн эргэн төлөлт хийгдсэн байна.
Засгийн газрын зүгээс Хөгжлийн банкны зээлийн эргэн төлөлтөд онцгой анхаарч, банкны үйл ажиллагааг өргөжүүлнэ. Хөгжлийн банкинд хуулийн байгууллагуудад бүхий л чиглэлийн дэмжлэг үзүүлж ажиллахыг Ерөнхий сайд үүрэг болгосон гэдгийг Хуульзүй, дотоод хэргийн дэд сайд Б.Солонго мэдээллээ.