А.Амбасэлмаа: Хүн амын дунд вирусийн цочмог дэгдэлт үргэлжилж байна. Дэлхийн эрүүл мэндийн зургаан бүс нутаг 149 улсад Омикрон хувилбар бүртгэгдээд байна. ДЭМБ-ын Омикрон хувилбарт хийсэн эрсдэлийн үнэлгээгээр өндөр хэмээн гарсан. Манай улсад бүртэгдэж буй тохиолдол өдөрт 2-3 дахин нэмэгдэж байна. Халдвар ихэссэн нь эмч, эмнэлгийн байгууллагад ачааллыг нэмэгдүүлж байна. Бусад улс орон болон Монголын халдварын тохиолдлуудыг харахад, эмзэг бүлэг буюу архаг хууч өвчтэй, настай иргэд илүүтэй хүндэрч байна. Халдварын нууц үе өмнөх хувилбаруудаас богино буюу 2-3 хоног байна. Иймээс халдварын нууц үе богино болон халдварын тархалт өндөр байх тусам олон хүнийг нэг зэрэг өвчлүүлэх эрсдэлтэй. Хэрэв амьсгалын дээд замын халдварын үеийн шинж тэмдэг илэрсэн тохиолдолд иргэн өөртөө хяналт тавих хэрэгтэй. Цээжээр хөндүүрлэх, ханиалгах, ухаан балартаж эхэлбэл халдвар хүндрэх эрсдэлтэй болж байна гэж ойлгох хэрэгтэй. Халдварын тархалтад нөлөөлж буй гол хүчин зүйл бол нууц үе богино хугацаатай дэгдэлтийн үед шинж тэмдэггүй хөнгөн байдлаар өвчлөх нь 30 гаруй хувийг эзэлдэг учир ойрхон хамт байгаа ямар ч хүнээс халдвар авах боломжтой.
Коронавируст халдварын үед сэрэмжлүүлэх хоёр үндсэн арга хэмжээ бий. Нэгд, хувь хүнд чиглэсэн арга хэмжээ. Өөрөөр хэлбэл, халдвартай хүнтэй хавьтал болж шинж тэмдэг илэрсэн тохиолдолд нөхцөл байдалтайгаа уялдуулан өөрийгөө тусгаарлаж, харьяа эрүүл мэндийн байгууллагадаа мэдэгдэх нь зүйтэй. Хоёрт, олон нийтэд чиглэсэн арга хэмжээ авах. Энэ нь халдвар авсан иргэний ар гэр, албан байгууллага, хамт үйл ажиллагаанд оролцсон хамт байсан хүмүүсийн хэрэгжүүлэх арга хэмжээ юм.
Вакцинжуулалтын хувьд дэлхийн 60-70 хувь нь вакцинжуулалтад хамрагдсан тохиолдолд цар тахал дуусч, хязгаарлагдана. Манай улс шиг дөрөв дэх тунгаа хийж буй улс цөөхөн. Бусад улс орон бүрэн вакциндаа хамрагдаж чадахгүй байна. Иймд иргэд вакциндаа хамрагдах нь зүйтэй. Гэхдээ вакцинд хамрагдаад маргаашнаас нь эхэлж өвчлөхгүй байна гэсэн үг биш. Иргэд дархлаа тогттол 7-14 гэртээ өөрийгөө хянах хэрэгтэй. Хяналгүй олон нийтийн газраар явснаар иргэд вакциныг буруутгах тохиолдол гарч байна. Вакцинаас гадна иргэн өөрийн дархлааг дэмжих хэрэгтэй. Гэхдээ дархлаагаа дэмжих зорилгоор дан ганц витамин, амин дэм хийлгэх нь өрөөсгөл. Үүнээс гадна хоол хүнсээрээ дэмжих ёстой. Мөн дээрээс нь Цагаан сарын баяраар цахимаар ахмад настан, гэр бүлийнхэнтэйгээ цахимаар золгож, гэр гэртээ тэмдэглэхийг уриалж байна.