ОХУ-ын эрх баригчид “педофил” буюу насанд хүрээгүй хүүхдийн эсрэг бэлгийн хүчирхийлэл үйлддэг хүмүүст бүх насаар нь хорих ял оноохоор шийдвэрлэжээ.
Тодруулбал, Төрийн Думын депутатууд насанд хүрээгүй иргэдийн бэлгийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийн хариуцлагыг чангатгах үүднээс тус улсын Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг баталсан байна.
Төрийн Думын дарга Вячеслав Володин “Насанд хүрээгүй хүүхдийн эсрэг бэлгийн хүчирхийллийг давтан үйлдсэн, эсвэл хоёр ба түүнээс дээш хүүхдийг хүчирхийлсэн, мөн онц харгис хэрцгий гэмт хэрэгт үйлдсэн хүмүүст бүх насаар нь хорих ял онооно” гэж мэдэгдсэн юм.
Хүүхдийн эсрэг бэлгийн хүчирхийлэл үйлдсэн гэмт хэрэгтнүүдэд хатуу арга хэмжээ авахыг нийгмийн зүгээс дэмжиж байгааг тэрээр онцлон, “Бүх насаар нь хорих ял бол ийм төрлийн иргэдийг нийгмээс тусгаарлах шударга арга хэмжээ юм. Тэд хүний дүр төрхтэй ч хүн гэж нэрлэж болохгүй. Энэхүү шийдвэр нь хүүхэд, гэр бүл, нийгмийг нөхөж баршгүй хохирлоос хамгаална гэж найдаж байна” хэмээн тэмдэглэжээ.
Түүнчлэн, Төрийн Дум бүх насаар нь хорих ялыг эдлүүлэх шинэ арга барилыг хэлэлцэж байгаа аж.