Израиль улс өнгөрсөн оны сүүлээр Омикрон хувилбарын тархалтыг намжаах зорилгоор эрсдэлт бүлгийн иргэд болон 60-аас дээш насны ахмад настнуудыг “COVID-19”-ийн эсрэг вакцины нэмэлт IV тунд хамруулж эхэлсэн.
Тэгвэл Израилийн Эрүүл мэндийн яамны мэдээлснээр өнөөдрийн байдлаар тус улсад 500 мянга гаруй хүн коронавирусийн вакцины IV тунд хамрагдсан байна. Энэ нь тус улсын бараг 20 хүн тутмын нэг нь вакцины IV тунд хамрагдсан гэх үзүүлэлт юм.
Омикрон хувилбарын давлагаа эрчимжиж буй тус улсад сүүлийн долоо хоногт өдөрт дунджаар 47-59 мянган халдварын шинэ тохиолдол бүртгэгдсэн аж. Гэхдээ өнөөдрийн байдлаар нийт 260 мянга гаруй халдвартай өвчтөн эмчлэгдэж байгаагаас ердөө 289 хүн хүндээр өвчилж, эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа аж. Тиймээс энэхүү үр дүнг вакцины нэмэлт тунгийн дархлаажуулалттай холбон тайлбарлаж байгаа юм.
Түүнчлэн, Израиль улсын нийт 9.5 сая хүн амын тал хувь нь “COVID-19”-ийн эсрэг вакцины нэмэлт III эсвэл IV тунд хамрагдаад байгаа нь өмнөх Дельта хувилбарын давлагааг харьцангуй эрсдэл багатай давах гол хүчин зүйл болсныг мөн онцолжээ.
Израилийн эрдэмтэд өнгөрсөн аравдугаар сард вакцины нэмэлт III тун нь ковидын халдвар авахаас урьдчилан сэргийлэх, хүндээр өвчилж, эмнэлэгт хэвтэхээс 92 хувийн үр дүнтэй хамгаалдаг гэх судалгааг танилцуулсан. Харин тус улсын эрдэмтэд вакцины нэмэлт IV тунгийн үр дүнгийн талаарх судалгааг ойрын өдрүүдэд танилцуулах төлөвтэй байгаа юм.
Израилийн эрдэмтэд энэ сарын эхээр Тел-Авив хотын Шеба эмнэлэгт хийсэн судалгааны урьдчилсан дүнгээр “Pfzier” вакцины IV дэх тунд хамрагдсан иргэдийн цусан дахь эсрэгбиеийн хэмжээ вакцин тариулснаас хойш долоо хоногийн дараа тав дахин өссөн үр дүн ажиглагдсан талаар мэдээлсэн. Уг судалгаанд вакцины III тунд хамрагдаад 4-5 сарын хугацаа өнгөрсөн 150 эрүүл мэндийн ажилтан хамрагдсан бөгөөд вакцины ноцтой гаж нөлөө илрээгүй аж.
Судалгаанд хамрагдсан иргэдэд ихэвчлэн III тунгийн тарилгын үеэр ажиглагдсантай ижил бага зэрэг халуурах, толгой өвдөх зэрэг ердийн шинж тэмдгүүд илэрсэн байна.
Эх сурвалж: Times of Israel