Малчид ХААБ-ээр дамжуулан мал, махаа дундын зуучлалгүйгээр арилжаалж байна.
Мал, махыг биржээр дамжуулан дундын зуучлалгүйгээр арилжаалах ажлыг энэ оны нэгдүгээр сарын 17-ны өдрөөс эхлүүлээд байгаа бөгөөд нэг сарын хугацаанд биржээр дамжуулан 465 тонн хонь, үхэр, ямаа, адууны махыг 4.2 тэрбум төгрөгөөр арилжжээ.
Тухайлбал 303.5 тонн хонины махыг 2.6 тэрбум төгрөгөөр, 111.5 тонн үхрийн махыг нэг тэрбум төгрөгөөр, 51 тонн адууны махыг 397 сая төгрөгөөр, 26.5 тонн ямааны махыг 177 сая төгрөгөөр арилжжээ. Арилжааны сүүлийн долоо хоногт хамгийн их буюу 2.1 тэрбум төгрөгийн мах арилжсан байна.
Нийт нутгаар өвөлжилт, хаваржилт хүндэрч байгаатай холбоотойгоор Хөдөө аж ахуйн биржээр дамжуулан урьдчилан мал зарах захиалга өгсөн малчдын хотноос амьд мал худалдан авах ажил хийж байгаагаа ХХААХҮЯ мэдээллээ. Мал, мах худалдан авах ажил цаашид ч үргэлжлэх бөгөөд өнгөрсөн сар гаруйн хугацаанд 18 аж ахуйн нэгж, малчдаас 120 мянган толгой хонь худалдан авч, Булангийн орнууд руу гаргаад байгаа ажээ.
120 мянган толгой хонь худалдан авч, Булангийн орнууд руу гаргажээ.
Түүнчлэн үүсээд буй нөхцөл байдлыг гарз, хохирол багатай даван туулах зорилгоор Иран руу мах экспортлогч аж ахуйн нэгжүүд малчдаас амьд хонь худалдан авч, халал аргаар бэлтгэн экспортлох ажлыг орон даяар зохион байгуулсан байна. Малчдаас худалдан авсан хонийг үйлдвэрт халал аргаар бэлтгэн цаг тухайд нь экспортолжээ.
Мал, малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг Хөдөө аж ахуйн биржээр дамжуулан худалдаж эхэлсэн нь өвөлжилт, хаваржилт хүндрээд буй энэ цаг үед малчдад томоохон дэмжлэг болжээ. Тус бирж мал, махны арилжааны системийг хөгжүүлж, худалдагч, худалдан авагч хаанаас ч захиалга өгдөг нээлттэй, хялбар систем бий болгожээ.
Мөн их хэмжээний махыг аж ахуйн нэгжүүдэд зээлээр өгөөд, дараа нь 1-2 сарын хугацаанд төлбөрөө авах ч боломжтой юм байна. Гол нь хүнсний эрүүл ахуй, чанарын шаардлага хангасан мал, махыг дундын зуучлалгүйгээр малчдаас шууд хэрэглэгчдэд хүргэх боломж бүрдэж байгаагаараа давуу талтай юм.
Үүнээс гадна мах бэлтгэн экспортлогч аж ахуй нэгжүүд орон нутагт малчдын гараас хонь худалдан авах ажлыг зохион байгуулж байна. Энэ хүрээнд малчдаас худалдан авч буй малын махыг хадгалах зориулалтын агуулах, түүний багтаамж, стандартын шаардлага хангаж буй зэрэг асуудал хөндөгдөж байгаа бөгөөд улсын хэмжээнд мах хадгалах зориулалтын хөргөх агуулахын багтаамж ойролцоогоор 120 мянган тонн, гүн хөлдөөх агуулах 7.5 мянга орчим тонны хүчин чадалтай байгаа аж.
Энэ онд улсын хэмжээнд нийт 69.1 сая толгой мал өвөлжих урьдчилсан дүн гарснаас 7.8 сая мал отроор өвөлжиж, хаваржих зохион байгуулалт хийгдсэн байна. Аймгуудын мэдээллээр 17.2 сая толгой мал хэрэгцээлэхээр төлөвлөсөн нь 2023 онд бойжуулсан төлийн 95.5 хувь нь болж байгаа аж. Улсын хэмжээнд нийт мал сүргийн 20 орчим хувийг хүнсэнд хэрэгцээлж, эдийн засгийн эргэлтэд оруулдаг байна. Энэ өвөл 2009-2010 оны зудтай өвлөөс илүү, 1975 оноос хойш ажиглагдаж байгаагүй цас ихтэй өвөл болж байгаа бөгөөд хоёрдугаар сарын 18-ны байдлаар 668 мянган толгой мал хорогдоод байгаа юм.
“Энэ онд олон тооны малаа хэрэгцээлсэн. Бэлчээрийн даац хэтэрсэн Монгол Улсын хувьд малыг тарга тэвээртэй үед нь хэрэгцээлж зах зээлд нийлүүлэх зэрэг нь аливаа байгалийн эрсдэлээс сэргийлэхэд чухал нөлөөтэй болох”-ыг ОБЕГ-ын дэд дарга онцолж байв.