Шадар сайд С.Амарсайхан:
Хаваржилтын хүндрэлийг даван туулах төлөвлөгөө гаргаж ажиллаж байна. Өнөөдрийн хуралдаанаар тэжээл, хужир, шүү, импортын гурилын бүтээгдэхүүний татварыг чөлөөлөх шийдвэр гаргалаа. Засгийн газрын энэ шийдвэрийг УИХ-д ирэх долоо хоногт өргөн барина.
Мөн хаагдсан замуудыг нээхэд шаардлагатай бензиний зардлыг шийдвэрлэв. Орон нутагт эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хүргэхийн тулд Эрүүл мэндийн сайд С.Чинзоригоор ахлуулсан ажлын хэсэг байгууллаа. Малын сэг зэмийг устгах, үүнтэй холбоотой ариутгал, халдваргүйжүүлэлтийг шуурхай зохион байгуулах зардлыг шийдэв.
Отор нүүдлээр яваа малчид, иргэдэд хүнсний барааг, эмийн багц хүргэнэ. Алслагдсан сумдад зориулалтын, эрүүл мэндийн машинууд хуваарилна. Эдгээрт нийт 21.5 тэрбум төгрөг зарцуулна.
Нийслэлд үүсээд буй шар усны үерийн эрсдэлийн талаар ирэх долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар танилцуулна. ЦУОШГ-ын үйл ажиллагааг сайжруулах шаардлага бий. Радарын системийг өргөтгөж, цаг агаарын урьдчилсан мэдээг илүү нарийвчлалтай хүргэдэг болно.
Радарын хоёр станц байгуулах хөрөнгийг шийдвэрлэв.
Энэ өвлийг давахаар 17 мянган тонн тэжээлж, 8 мянган өвсийг улсын нөөцөд бэлдсэн. Өнөөдрөөс эхлэн хүнд байдалд орсон аймгуудад энэ нөөцөөс 6000 тонныг хүргэж эхэллээ. Аль болох үйлдвэрийн үнээр нийлүүлэхээр ажиллаж байна.
ЦУОШГ-ын дарга Оюунжаргал:
Нийт нутгийн 80 хувь цасан бүрхүүлтэй байна. Хотгор газар 60, хунгарласан газарт 100 см зузаан цасан бүрхүүл тогтжээ. 17 аймгийн 89 сум цагаан зудын нөхцөлд байна. Мөн 82 суманд цагаанаар зудархуу байдалтай байна. Энэ жил төмөр зуд мөн нэмэгдлээ. Учир нь цаг агаар гэнэт дулаарч, гэнэт хүйтэрч байна. 23 сум төмөр зудтай байна.
Өнөөдрөөс баруун аймгуудад цаг агаар муудлаа. Төвийн, зүүн бүсэд өнөө шөнө цасан шуурга шуурах тул хол замд явах, золгохоор төлөвлөсөн хүмүүс анхаарч, холын замд гарахгүй байх хэрэгтэй. Цас шуурч, үзэгдэх орчин хязгаарлагдах тул замын нөхцөл хүндэрнэ.
Радарын төхөөрөмж зөвхөн нийслэлд хоёр бий. Үер бүх нутгаар болно. Үерийн давтамж манай улсад төдийгүй дэлхийн хэмжээнд нэмэгдсэн. Манай улсын агаарын урсгал голдуу баруун хойд талаас чиглэн ирдэг тул Хөвсгөл, Булганд тус бүр нэг радар байршуулан, үерийн аюулаас урьдчилан сэргийлэх шаардлагатай.
Засгийн газрын ээлжит бус хуралдаан эхэллээ. Хуралдаанаар цаг агаарын нөхцөл, УОК-ын мэдээллийг сонсож, зарим шийдвэр гаргана.
“Зам, тээврийн хөгжлийн төв” ТӨҮГ:
2024.02.16-ны ѳдрийн 14:30 цагийн байдлаар Баян-Өлгий, Архангай, Завхан, Ховд аймгийн уулархаг нутгаар хүчтэй цасан шуургатай үзэгдэх орчин хязгаарлагдмал байна. Архангай, Хөвсгөл, Увс, Баян-Өлгий, Ховд аймгийн нутгаар цас орж байна. Бусад нутгаар авто замаар зорчих тээврийн хэрэгслийн хөдөлгөөн хэвийн үргэлжилж байна. Шуурхай ажлын хэсгүүд бэлэн байдалд байна.
Авто зам хариуцагч байгууллагууд хариуцсан авто замын бэлэн байдлыг хангуулан дараах ажлууд хийгдэж байна. Үүнд:
- А14 дугаартай Манхан-Булган-Улсын хил чиглэлд цасан шуургатай. Үзэгдэх орчин хязгаарлагдмал болсон. Аймгийн онцгой байдлын газар болон замын цагдаагийн газартай хамтран хөдөлгөөн хязгаарлаж ажиллаж байна. Зам хариуцагч “Ховд АЗЗА” ТӨХК-ийн Бага улаан давааны шуурхай ажлын хэсэг бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллаж байна. Автозам хэрэглэгч та бүхэн тус чиглэлд зорчихгүй байхыг анхааруулж байна.❗❗
- А12 дугаартай Баянхонгор-Улиастай чиглэлийн авто замын дагуу зам хариуцагч “Их богд зам” ХХК-ийн Бүлээний давааны шуурхай ажлын хэсэг бэлэн байдалд ажиллаж зорчих хэсэгт шуурч, хунгарласан цасыг ковшоор түрж цэвэрлэх ажил хийж байна.
- А25 дугаартай Өндөрдов-Зуунмод-Налайх чиглэлийн хатуу хучилттай авто замын зорчих хэсэгт тогтсон цас мөсийг гараар цохиж , зурвас газрын хог түүж цэвэрлэх ажил хийгдэж байна. Зам даваа саадгүй байна.