Нийслэлийн нутаг дэвсгэрт иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, газар ашиглалтыг сайжруулах, авто замын түгжрэлийг бууруулах, явган хүний зам, ногоон байгууламж, нийтийн эзэмшлийн зам, талбайг нэмэгдүүлэх зорилгоор хууль, журам зөрчсөн, стандартын бус хашаа, хайсыг 2021 оноос буулгаж эхэлсэн.
Уг ажил 2024 онд ч мөн үргэлжлэх бөгөөд энэ хүрээнд Баянзүрх дүүргийн 26, 36 дугаар хороонд орц, гарцыг нэмэгдүүлэх зорилгоор 40 гаруй сууц өмчлөгчдийн холбоо /СӨХ/-нд зөрчлийг арилгах мэдэгдэл хүргүүлээд байна.
Ашиглаж, эзэмшиж байгаа газраа дур мэдэн нэмэгдүүлж, нийтийн эзэмшлийн талбайд зохих зөвшөөрөлгүй хашаа, хайс барьсан зөрчлийг арилгах, газар чөлөөлөх арга хэмжээний хүрээнд одоогийн байдлаар 33,300 метр гаруй хашааг буулгаж, 7480 орчим хашаанд стандарт мөрдүүлээд байна. Хашаа арга хэмжээг энэ жил ч мөн үргэлжлүүлж, эрчимжүүлнэ. Өнгөрсөн долоо хоногт “Дүнжингарав” худалдааны төв орчимд болсон харамсалтай ослоос бид сургамж авах хэрэгтэй. Энэ алдааг дахин давтагдуулахгүйн тулд нэн түрүүнд төлөвлөлтийн алдаатай буюу нягтаршил ихтэй, орц, гарц байхгүй, өндөр хашаа барьсан хотхон, хорооллуудын СӨХ-нд хашаа буулгах мэдэгдлийг хүргүүлж байна. Энэ хүрээнд Баянзүрх дүүргийн 26, 36 дугаар хорооны 40 гаруй СӨХ-нд Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба, Хот байгуулалт, хөгжлийн газраас мэдэгдэл хүргүүлсэн. Цаашид энэ чиглэлийн арга хэмжээг нийслэлийн есөн дүүрэгт зохион байгуулах юм. Мэдэгдлээр хүргүүлсэн хууль ёсны шаардлагыг биелүүлээгүй бол албадан буулгаж, гарсан зардлыг тухайн СӨХ, барилгын компаниас гаргуулна хэмээн Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч П.Сайнзориг мэдээлсэн.
.