Ням гарагт уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэгч хоёр бүсгүй Франц дахь “Мона Лиза” бүтээл рүү хулууны шөл цацжээ. Зургийг шилэн хаалтаар хамгаалсан байсан тул ямар нэг гэмтэл үүсээгүй гэв.
Шөл цацсан эмэгтэйчүүд “Аль нь илүү чухал вэ? Урлагийн бүтээл үү эсвэл эрүүл, байгальд ээлтэй хоол хүнс идэх эрх үү?” гэсэн нь бичлэгт үлджээ.
Музейн хамгаалалтын албаныхан тэр даруй зургийг хар хавтангаар хааж, шөл цацсан иргэдийг өрөөнөөс гаргасан байна.
Хэрэг үйлдсэн эмэгтэйчүүд “Riposte Alimentaire” хэмээх бүлгийн гишүүд бөгөөд тус бүлэг нь иргэдэд сар бүр хоол хүнсэнд ашиглах 150 евро өгөхийг шаардаж байгаа аж.
Францын Соёлын сайд “Ямар ч шалтгаантай бай, “Мона Лиза”-г онилж халдсан хэргийг зөвтгөх боломжгүй” хэмээн цахим хуудсаараа дамжуулан мэдэгдсэн байна.
Сүүлийн үед Парис хотод шатахууны үнийн өсөлтийг зогсоож, зохицуулалтыг хялбарчлахыг шаардсан тариаланчид эсэргүүцлийн жагсаал зохион байгуулсан. Улмаар Парис хот руу орж, гарах гол замыг хүртэл хаасан юм.
16-р зууны үед Леонарда да Винчигийн зурсан тус бүтээл нь дэлхийн хамгийн алдартай зургуудын нэг бөгөөд одоогоор Парис хотын Луврын музейд хадгалагддаг.
1950-аад онд нэг хүн Мона лизагийн зураг руу хүчил цацаж, сүйтгэсний дараа зургийг шилэн хаалтад хадгалах болсон.