“ЭТТ” ХК-ийн нийт хувьцааны 18.5 хувийг иргэд эзэмшдэг. Гэхдээ Монгол Улсын бүх иргэн эзэмшдэггүй. 2012 оны дөрөвдүгээр сарын 11-нээс өмнө төрсөн, 2.5 сая иргэн эзэмшиж байна.
Иймд УИХ-аас тогтоол батлан, энэ хугацаанаас хойш төрсөн иргэдэд ч хувьцаа эзэмшүүлэх ёстой гэж үзсэн юм. Урьдчилсан бүртгэлээр 2012.04.12-ноос хойш манай улсад нийт нэг сая 80 мянган иргэн төржээ. Тэд “ЭТТ” ХК-ийн хувьцааг эзэмших эрх зүйн үндсийг УИХ тавьсан. Иймд Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв шинэ хувьцаа эзэмшигчдийн нэрийн жагсаалтыг УБЕГ-аас хүлээн авч, бүртгэнэ.
“ЭТТ” ХК-ны ногдол ашигт хувьцаа эзэмшигч бүрд хэчнээн төгрөгийг, хэрхэн олгох шийдвэрийг Засгийн газар гаргана. Өчигдөр (2024.01.25) болсон Засгийн газрын хуралдаанаар энэ асуудлыг хэлэлцээгүй байна.
“ЭТТ”-н бүрэн эрхт төлөөлөгчийн мэдээлснээр 2022 оны компанийн ашгийн 18.5 хувьд ногдох санхүүжилтийг нийт хувьцаа эзэмшигчдэдээ хуваавал нэг хувьцаа эзэмшигч 120 мянган төгрөг авна. Энэ ногдол ашгийг Цагаан сараас өмнө олгохоор ажиллаж байна гэв. Учир нь 2022 оны компанийн санхүүгийн тайланг аудиторууд хянан шалгаж дуусжээ.
Харин 2023 оны ногдол ашгийг аудитын хяналт шалгалтын дараа буюу Цагаан сарын дараа олгоно гэв. Компани 2023 оны татварын тайлангаа ирэх сарын 10-ны дотор гаргах, ТУЗ хуралдаж, нэгж хувьцаанд ногдох ногдол ашгийн хэмжээг тогтоох шийдэх гэх шат дамжлагуудтай.
“ЭТТ” ХК 2013 оноос хойш үйл ажиллагаа явуулж байна Энэ хугацаанд тус ХК нэг удаа ногдол ашиг тараасан юм. 2012.0412-ноос хойш төрсөн иргэд ногдол ашиг авахын тулд аль нэг үнэт цаасны компанид хувьцааны данс нээлгэсэн байна.
Зарим компани хувьцааны дансыг үнэ төлбөргүй нээдэг бол зарим нь 5000 төгрөгийн хураамж авдаг.