УОК-ын Шуурхай штабаас өвөлжилт хүндэрсэн Сүхбаатар аймгийн зарим сумаас мал худалдан авах ажлыг энэ сарын 26-наас ирэх сарын 2-ны өдрүүдэд зохион байгуулж байна.
Энэ ажлын хүрээнд Хөдөө аж ахуйн биржид захиалга өгсөн тус аймгийн Мөнххаан, Түмэнцогт, Сүхбаатар, Эрдэнэцагаан сумын 100 малчин өрхийн 20.100 толгой малыг худалдан авах, мал ачих 33 цэгийн байршил, цасанд хаагдсан зам, даваа гаргах, түлш шатахууны тээвэрлэлтийг саадгүй хүргэх, мал тээвэрлэх арга хэмжээг зохион байгуулахад дэмжлэг үзүүлэн ажиллаж байгаа юм.
Монгол Улсын Засгийн газрын 233 дугаар тогтоолоор мал, малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг нэгдүгээр сарын 17-ны өдрөөс Хөдөө аж ахуйн биржээр дамжуулан худалдаалж эхэлсэн. Ингэснээр дундын зуучлалгүйгээр малчдаас хэрэглэгчдэд шууд хүргэх боломж бүрдсэн бөгөөд Хөдөө аж ахуйн биржээр 24-ний байдлаар 53.9 тн хонь, ямааны мах, 13.3 тн сарлаг, үхрийн махыг 554.3 сая төгрөгөөр арилжсан байна.
Малчдаас мах худалдан авахад Засгийн газраас энэ онд 100 тэрбум төгрөг төсөвлөжээ. Өвөлжилт хүндэрсэнтэй холбоотой малчид мал, мах борлуулах сонирхол ихтэй байгаа ба мах худалдан авах ажлыг УОК болон Хөдөө аж ахуйн биржтэй хамтран аж ахуйн нэгжүүд гүйцэтгэж байна.