Украин улс ОХУ-ын Туапсе хот дахь “Роснефть” газрын тос боловсруулах үйлдвэр рүү нисгэгчгүй онгоц харвасан талаар Украины эх сурвалж Ройтерс агентлагт мэдээлжээ.
Туапсе хотын захирагчийн мэдээлснээр үйлдвэрт шөнө гал гарсныг бүрэн унтраасан бөгөөд галын улмаас хохирсон, гэмтсэн хүмүүс байхгүй гэв.
Оросын хамгийн том газрын тос боловсруулах үйлдвэр болох “Роснефть”-ээс одоогоор ямар нэг мэдэгдэл хийгээгүй байна.
Агаарын цохилтод өртсөн тус үйлдвэр нь жилд 12 сая тонн /өдөрт 240 мянган баррель/ газрын тос боловсруулах хүчин чадалтай бөгөөд Турк, Хятад, Малайз, Сингапур зэрэг улсууд руу голчлон түлш нийлүүлдэг.
Манай улсын хувьд хэрэглээнийхээ 70 орчим хувийг “Роснефть” компаниас авдаг. 30 хувийг Оросын бусад компаниас авдаг байсан бол одоо нэмэлтээр Хятад улсаас авах хэмжээгээ нэмэгдүүлсэн хэмээн АМГТГ-аас мэдээлсэн.
“Роснефть” нь нийт 13 үйлдвэртэй бөгөөд Монгол Улс Ангарск дахь үйлдвэрээс нь дийлэнх түлшээ нийлүүлж авдаг.
Эх сурвалж: Reuters