Эрүүл мэндийн мэргэжилтнүүд Омикрон хувилбарын халдвар авсан хүмүүс түргэвчилсэн шинжилгээгээр сөрөг гарах тохиолдол өндөр байгаа талаар мэдээлсэн байна. Улмаар шинж тэмдэггүй халдвар тээгчид, халдвар тараах томоохон эрсдэл болж байгааг анхааруулсан юм.
Тухайлбал, Харвардын их сургуулийн Нийгмийн эрүүл мэндийн сургуулийн тархвар судлаач, доктор Майкл Мина “Түргэвчилсэн оношлуураар Омикроны халдварыг илрүүлэх боломжтой. Гэхдээ вирус хүний хамар, хоолойд хангалттай өндөр түвшинд үржээгүй тохиолдолд түргэвчилсэн шинжилгээгээр илрэхгүй байх магадлалтай.
Хүмүүс ихэвчлэн PCR шинжилгээ өгөхөөс өмнө 1-2 удаа түргэвчилсэн оношлуураар туршиж үздэг. Хэрэв түргэвчилсэн оношлуураар хуурамч-сөрөг хариу гарсан тохиолдолд PCR-аар батлагдах хүртэл хэд хоногийн хугацаанд бусдад халдвар тараах эрсдэлтэй. Омикроны халдварын үед халдвар авснаас хойш гурав дахь хоногоос эхлэн түргэвчилсэн оношлуураар эерэг гарах магадлалтай” гэжээ.
Мөн тэрээр хавьтал болж, халдвар авсан эхний өдөр “PCR” шинжилгээгээр эерэг хариу гарах магадлал 50 хувь байгаа талаар мэдээлсэн юм. Улмаар халдвар авсан эхний өдрүүдэд супер түвшинд биш ч гэлээ бусдад маш хурдан халдвар тараах эрсдэлтэйг анхааруулсан юм.
Эрүүл мэндийн мэргэжилтнүүд зөвхөн Омикрон хувилбар төдийгүй ковидын бусад хувилбаруудын үед ч халдварын эхэн үед түргэвчилсэн оношлуураар халдвар илрэхгүй байх магадлалтайг анхааруулсаар ирсэн.
Калифорнийн их сургуулийн анагаах ухааны сургуулийн захирал, доктор Роберт Вахтер энэ талаар “Шинжлэх ухааны тайлбар гэхэд бүдүүлэг сонсогдож магадгүй. Гэхдээ Их Британид хийгдсэн судалгаагаар Омикрон хувилбар хамрын хөндийд бус хүний хоолойд илүү хурдан, түрүүлж үрждэг. Тиймээс Омикроны халдвар авсан хүмүүст ихэвчлэн хамгийн түрүүнд хоолойн хөндүүрлэх, хуурай ханиах зэрэг шинж тэмдэг илэрдэг.
Өөрөөр хэлбэл, хамрын хөндийд шинжилгээгээр илрэх хэмжээний вирус үржээгүй тохиолдолд танд шинж тэмдэг илэрч эхэлсэн ч хамрын хөндийн арчдасаар түргэвчилсэн шинжилгээ хийхэд хуурамч-сөрөг хариу гарах магадлалтай” гэжээ.
Эрдэмтдийн тогтоосноор Омикроны халдвар авсан хүмүүст хавьтал болсноос хойш дунджаар хоёр хоногийн дараа хамар битүүрэх, нус гоожих, халуурах зэрэг түгээмэл шинж тэмдэг илэрдэг. Мөн вакцин хийлгэсэн эсвэл өмнө нь вирусийн халдвар аваад эдгэрсэн хүмүүст шинж тэмдгүүд вакцинд хамрагдаагүй, халдвар аваагүй буюу дархлаагүй хүмүүстэй харьцуулахад эрт эхэлдэг.
Өөрөөр хэлбэл, шинж тэмдэг илэрч байна гэдэг нь дархлааны хариу урвал ажиллаж байгаагийн илрэл юм. Жишээ нь, дархлаатай хүний биед вирус дахин нэвтрэхэд дархлааны систем вирусийг таньж түргэн хугацаанд хариу урвал явуулж, шинж тэмдэг эрт илэрдэг байна. Эсрэгээрээ вакцинд хамрагдаагүй, халдвар аваагүй огт дархлаагүй хүний биед вирус нэвтрэхэд дархлааны систем вирусийг таньж, хариу урвал явуулахад тодорхой хугацаа шаардагддаг аж. Омикроны өмнөх хувилбарууд нь хавьтал болсноос хойш 5-7 хоногт шинж тэмдэг илэрдэг.
Доктор Майкл Мина ковидын шинж тэмдэг илрэх хугацаа богиносож байгаа нь вирус хүн төрөлхтний хувьд сайн тал руугаа өөрчлөгдөж, цар тахал намжиж байгаагийн илрэл гэжээ.
Эх сурвалж: americanmilitarynews.com