БРЮССЕЛЬ. 2024 оны нэгдүгээр сарын 19 /VoA/. Умард Атлантын гэрээний байгууллага буюу НАТО “хүйтэн дайн”-аас хойших хамгийн том сургуулилалт эхлүүлж байна.
Сургуулилалтын явцад “ойрын” дайсантай зэвсэгт мөргөлдөөн гарсан тохиолдолд Оростой хил залгаа орнууд болон эвслийн зүүн жигүүрийн холбоотон улсуудыг дэмжих Америкийн цэргүүдийн үйл ажиллагааны тактикийг боловсруулах ажээ. Тавдугаар сар хүртэл үргэлжлэх “Steadfast Defender 2024” нэртэй уг сургуулилалтад 90 000 орчим цэрэг оролцоно гэж эвслийн ерөнхий командлагч Крис Каволи пүрэв гарагт мэдээлэв.
Мөн нисэх онгоц тээвэрлэгч, эскадрын мина тээгч зэрэг 50 гаруй хөлөг онгоц, 80 гаруй сөнөөгч онгоц, нисдэг тэрэг, нисгэгчгүй онгоц, 1100 гаруй байлдааны машин, тэдгээрийн дотор 133 танк, явган цэргийн байлдааны 533 машин оролцоно. Түүнчлэн тун удахгүй эвсэлд нэгдэнэ гэж найдаж буй Швед улс сургуулилалтад оролцох юм.
К.Каволигийн хэлснээр, сургуулилалтын үеэр НАТО-гийн сүүлийн хэдэн арван жилийн анхны батлан хамгаалах төлөвлөгөөг боловсруулах бөгөөд уг төлөвлөгөөнд ОХУ-ын дайралтад хэрхэн хариу өгөх талаар нарийвчлан тусгах ажээ.
Ийм томоохон хэмжээний сургуулилалтыг хамгийн сүүлд 1988 онд Reforger нэртэйгээр хийж байсан бөгөөд 125 мянган хүн оролцож байжээ. Мөн 2018 онд 50 мянган цэрэг оролцсон “Trident Juncture” сургуулилалтыг зохион байгуулж байв.