Канье Уэст хэмээх нэрээ өөрчлөөд удаагүй байгаа уран бүтээлч “Е” /Ye/ Лос Анжелес хотын төвд бусадтай маргалдаж, улмаар биед нь халдсан гэх шалтгаанаар шалгагдаж байгаа гэж тус хотын цагдаагийн газраас NBC News-т мэдээлжээ. Тэрээр баривчлагдаагүй байгаа ч реппэрийг пүрэв гарагт болсон хэрэгт сэжигтнээр тооцож байгаа аж.
44 настай уран бүтээлч өчигдөр өөрийнх нь бичлэгийг хийж байсан хүнийг хэл амаар доромжилж, бие махбодид нь халдан маргалдсан байна.
NBC News-ийн мэдээлснээр түүнийг бусдын биед халдан гэмт хэрэг үйлдсэн гэж шалгаж байгаа бөгөөд хамгийн дээд тал нь зургаан сар хорих ялтай аж.
Цагдаа нар хэргийн газарт шөнийн 03:00 цагийн үед дуудлагын дагуу очиход реппэр тэнд байгаагүй, явчихсан байжээ. Өөрийгөө хохирогч болсон хэмээн мэдүүлээд буй хүн хэрүүл маргааны улмаас ямар нэгэн гэмтэл авсан талаар тодорхой мэдээлэл өгөөгүй байна.
Уран бүтээл “Е”-г сэжигтнээр тооцсон ч одоогоор баривчлаагүй байгаа ба түүний төлөөлөгчид NBC News-ийн тайлбар өгөх хүсэлтэд одоогоор хариу өгөөгүй байна.
ЭХ СУРВАЛЖ: TODAY