БОАЖ-ын Сайд Б.Бат-Эрдэнэ, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Суурин төлөөлөгч Матильда Димоска нар Монгол Улсын Үндэсний Тодорхойлсон хувь нэмрийн зорилтыг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, хамтын ажиллагааг өргөжүүлэхээр хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа.
Талууд агаарын бохирдлыг бууруулах, сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг нэмэгдүүлэх, уур амьсгалын өөрчлөлтөд иргэдийн дасан зохицох чадварыг сайжруулах, жендерийн тэгш байдлыг хангах зэрэг чиглэлд хамтарсан төсөл, хөтөлбөрүүд хэрэгжүүлэх юм.
Дээрх ажлын хүрээнд хэрэгжих нэгэн чухал санаачилга нь тогтвортой хөгжил, ногоон санаачилгуудыг дэмжих зорилгоор нүүрстөрөгчийн зах зээлийн үндэсний тогтолцоог бий болгоход хамтран ажиллах аж.
Өрх бүр нүүрстөрөгчийн ялгаруулалтыг жилд 10-20 тонноор бууруулж, эрчим хүчний зардлаа 70 хүртэл хувиар хэмнэх боломжтой.
Төсөл хэрэгжих хугацаанд 10-20 мянган тонн CO2-той тэнцэх хэмжээний хүлэмжийн хийн ялгарлыг бууруулж, 0.3МВт-ын хүчин чадал бүхий сэргээгдэх эрчим хүчний шинэ эх үүсвэрээр гэр хорооллын зорилтод бүлгийн 100 айл өрхийг хангана хэмээн үзэж байгаа гэв.
Эрчим хүчний шугам сүлжээний ачааллыг багасгах, цэвэр эрчим хүчний шилжилтэд хувь нэмэр оруулах, уур амьсгалын өөрчлөлт, агаарын бохирдлоос үүдэлтэй өвчлөлөөс урьдчилан сэргийлэх, дотоод болон гадаад орчны агаарын чанарыг сайжруулах зэрэг ач холбогдолтой юм.
Төсөлд сонгогдсон өрх толгойлсон эмэгтэйчүүдтэй 50 айл өрх гэрээ дулаалж, сэргээгдэх эрчим хүчийг ашигласнаар нүүрстөрөгчийн зах зээлийн арилжаагаар дамжуулан уур амьсгалын санхүүжилтийн механизмаас ашиг хүртэх боломжтой хэмээн БОАЖЯ-наас мэдээллээ.