Блокчэйний шинжилгээ хийдэг Chainalysis компани БНАСАУ-ын хакерууд 2021 онд долоон удаа кибер халдлага хийсэн гэжээ. Тэд нийт 400 сая ам.долларын крипто валютыг биржүүдээс хулгайлсан гэв.
Өчигдөр ил болсон тайланд Хойд Солонгосын хакерууд хөрөнгө оруулалтын компаниудыг онилсон, 2020 онд тус улс дөрвөн халдлага үйлдсэн гэжээ. Мөн Лазарус групп халдлагуудыг үйлдсэн гэв. Энэ групп БНАСАУ-ын Тагнуулын хяналтад байдаг байна. Иймд АНУ-ын хориг арга хэмжээ авсан байгууллагуудын жагсаалтад багтжээ.
НҮБ тус улсыг цөмийн болон баллистик пуужингийн төслүүдээ санхүүжүүлэх зорилгоор цахим халдлагууд хийсэнд буруутгажээ.
Хойд Солонгосын хакерууд 2016 онд Бангладешийн Төв банкнаас 81 сая ам.доллар хулгайлж, дахин 1 тэрбум ам.доллар хулгайлахаар зэхэж байв.
Мөн 2014 онд АНУ-ын кино компани болох Sony Pictures, 2017 онд 150 гаруй улсыг хамарсан, WannaCry буюу “Уйлахыг хүснэ” гэж нэрлэсэн, томоохон халдлагуудыг хийсэн байна. Харин тус улс эдгээрийг эсэргүүцдэг юм.
ЭХ СУРВАЛЖ: BBC