УОК-ын Шуурхай штабаас Дархан-Уул аймгийн Онцгой комиссын гишүүдтэй цахим хурал хийж, өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцлаа.
Тус аймагт 4 сум, 12 баг, 31 хот айл, мал бүхий 2181 өрхөд хонин толгойд шилжүүлснээр 567.4 мянган толгой мал өвөлжиж хаваржина. Мөн Сэлэнгэ аймгийн хил залгаа Сайхан, Хушаат, Ерөө, Жавхлант, Мандал, Баянгол суманд 62 өрхийн 11.4 мянган толгой мал, өөрийн аймгийн Хонгор сумын нутагт Шарын гол, Орхон сумын 48 өрхийн 7763 толгой мал өвөлжиж байна.
Малчдын түвшинд 38.7 мянган тонн хадлан бэлтгэсэн бөгөөд энэ сарын 20-ны байдлаар малчид бэлтгэсэн хадлангийн 20-30 хувийг хэрэглэж эхлээд байна.
Алслагдсан болон отор нүүдэл хийх байгаа айл өрх, иргэний судалгааг гаргаж, эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлэн ажиллаж байгаа юм.
Аймгийн хэмжээнд хийсэн зудын эрсдэлийн үнэлгээгээр эрсдэлийн индекс дунд түвшний эрсдэлтэй гарсан бөгөөд аюулгүйн болон аваарын нөөцийн бүрдүүлэлт 92 %-тай хангагдсан байгааг танилцууллаа гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.