Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогтын нэрэмжит тэтгэлгийн сурлагын амжилтаараа манлайлсан 97 оюутанд өчигдөр /2023.12.20/ гардуулжээ. Зам, тээврийн салбар нь нийт 50 мянга орчим ажилтантай эдийн засгийн хөдөлгөгч хүч томоохон салбар. Энэ салбарын боловсон хүчнийг бодлогоор дэмжих зорилгоор салбарын сайдын санаачилгаар энэ жил анх удаа нэрэмжит тэтгэлгийг бакалаврын түвшний оюутнуудад олгож эхэлсэн байна.
Тэтгэлэгт хөтөлбөрт 200 орчим оюутан материалаа ирүүлснээс сурлагын амжилт, нийгмийн идэвх, сургалтын голч дүн зэргийг харгалзан 97 оюутныг нээлттэй сонгон шалгарууллаа.
Сайдын нэрэмжит тэтгэлгийг цаашид жил бүр олгох бөгөөд уг тэтгэлэгт хамрагдах боломж бүх оюутанд нээлттэй гэдгийг Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт онцлов.
Сайдын нэрэмжит тэтгэлэгт БНСУ, ОХУ, БНХАУ-д суралцдаг оюутнуудаас гадна МУИС, ШУТИС, Төмөр замын дээд сургууль, СЭЗИС, Их засаг зэрэг их сургуулийн бакалаврын түвшний 97 оюутан тэтгэлгийн батламжаа гардан авлаа.
Зам, тээврийн салбарт 2030 он гэхэд 22 мянга орчим шинэ ажлын байр бий болно. 2023 оны байдлаар зам, тээврийн салбарын мэргэжлээр 3614 оюутан гадаад, дотоодын их дээд сургуульд суралцаж байна.
Энэ онд гэхэд зам, тээврийн салбарын мэргэжлээр суралцах дотоодын сургуулийн шинэ элсэгч 1025 оюутан, гадаадын сургуулийн шинэ элсэгч 490 орчим байгаа аж. Цаашид энэ чиглэлээр суралцах боловсон хүчний тоог нэмэгдүүлэх, зам тээврийн салбарын мэргэжлээр залуу үеэ сургаж мэргэшүүлэхэд анхаарал хандуулан ажиллаж байна гэж ЗТХЯ-наас мэдээллээ