Хянан шалгах түр хорооноос зохион байгуулж буй нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсгол үргэлжилж байна. Өнөөдөр “Чалко Трейдинг ХонгКонг”-тай байгуулсан гэрээний талаар хянан шинжилж байна.
Манай улс БНХАУ-ын “Чалко Трейдинг ХонгКонг компанитай 2011 онд гэрээ хийн нүүрсний суурь үнийг 70 ам.доллароор тогтоожээ. Тус гэрээг 2011 онд байгуулсан ба урьдчилгаа 600 сая ам.долларыг хүүтэй нөхцөлөөр авсан байна. Энэхүү урьдчилгаа төлбөрийг 2023 оны зургадугаар сард бүрэн төлж дуусжээ. Уг компанид нийт 26,1 сая тонн нүүрс олборлож худалдаалжээ. Энэ нь 1,5 тэрбум доллар үнийн дүнтэй тэнцэхүйц нүүрсийг борлуулсан байна..
2013 оноос хойш гэрээг хэд хэдэн удаа өөрчлөн нүүрсний үнийг бууруулж тонн тутмыг 30 ам.доллар болгон бууруулжээ.
УИХ-ын гишүүн Т.Доржханд “Өмнөх сонсгол дээр Б.Энэбиш дарга хэлж байсан юм.”Чалко”-гийн өрийг төлөхөд маш хэцүү байсан. Учир нь хоёр нам улс төржиж иргэдэд хишиг тараана гээд мөнгийг нь аваад үрчихсэн. Үүний ачааллыг бид үүрсэн гэж хэлж байсан. Өмнө нь Б.Энэбиш дарга парламентын албан тушаалд ажиллаж байсан гэж үзэж байна. Хэн таныг ЭТТ, “Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирал болгосон бэ. Улс төрийн шахаа байсан уу.
ЭТТ, “Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Энэбиш “Чалко”-той гэрээ байгуулснаас хойш 12 жил өнгөрчээ. Би 1990-2001 онд УИХ-ын албанд ажиллаж байсан. Түүнээс хойш дипломат албан тушаалд ажиллаж байлаа. Дараа нь Эрдэнэс баялаг эрчим хүчний сайд Д.Зоригт надад энэ хоёр компанийн гүйцэтгэх захирал болох талаар санал болгосон. Ер нь Эрдэнэт, Эрдэнэс Таван Толгой компаниудын удирдлагыг Ерөнхий сайдтай хэлэлцэхгүй байна гэж байдаггүй байсан биз. Улс төрийн шахаа байсан. 2010 оны зун Засгийн газраас шийдвэр гарч хөрс хуулалтаа эхэлсэн. 2011 онд нүүрс олборлолтоо эхэлж экспортлоход бэлэн болсон байв. Хоёр нам нийлээд хүний хөгжлийн санд мөнгө төвлөрүүл гэсний дагуу бид хүүтэй зээл авсан гэж хэлж болно. Энэ Засгийн газрын шахаа гэж хэлмээр байна. Хувь улс төрийн шахаа байсан уу гэж байна. Байсан. Тухайн үеийн 30 гаруй УИХ-ын гишүүн залгаж ярин, дуудаж уулзаж байсан. Гэхдээ шууд хууль бус дүрэм журам зөрч гэж хэлж байгаагүй.
УИХ-ын гишүүн Т.Доржханд: Тухайн үеийн гэрээний талаар дэлгэрэнгүй хэлнэ үү.
Ч.Хүрэлбаатар “Сайд нар гэрээ хэлэлцээр хийдэггүй. Хоёр ААН-үүд хооронд гэрээ хийдэг.
ЭТТ, “Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Энэбиш “Чалко Трэйдинг Хонг Конг”-той ЭТТ, Эрдэнэс Монгол ХХК гэрээ байгуулсан. ЭТТ-оос нүүрс экспортлоход бэлэн байсан учир том хэмжээний гэрээ байгуулах шаардлага тулгарч “Чалко”-той гэрээ байгуулсан. 250 сая ам.долларыг урьдчилгааг авахдаа жилийн гурван хувийн хүүтэй нөхцөлтэйгөөр авсан. Гурван хувийн хүү гэдэг бол маш бага хүү. Ирээдүйд төлөх мөнгө үргэлж хүүтэй байдаг. Уг мөнгийг 2012 оны дөрөвдүгээр сар хүртэл төлөх байсан. Учир нь ЭТТ уурхайн нүүрс дөрөвдүгээр давхаргаас гуравдугаар давхарга руу орох байсан. 2012 онд намайг ажлаа хүлээлгэж өгөх үед 165 сая ам.долларын зээлээ төлчихсөн байсан.
2012 онд ахин 100 сая ам.доллар авсан. Тухайн үед сонгууль дөхөж байсан учир Засгийн газраас хүний хөгжлийн санд 100 сая ам.доллар төвлөрүүлэхийг шаардсан. Энэ шийдвэрийг компанийн зүгээс дургүйцэж байсан ч тогтоол учир яалт ч үгүй авч өгсөн. Аргагүй эрхэд 100 сая.долларыг 5,5 хувийн хүүтэй авах байсан ч шахуу байсан учир 7,2 хувийн хүүтэй авсан гэсэн үг.
Намайг ажлаа хүлээлгэж өгсний дараа ЭТТ-ийн нүүрс борлуулалтын ажил зогссон. Нэгдүгээрт үнэ буурсан учир ЭТТ гачигдалд орсон. Нөгөөтээгүүр нэг нам солигдохоор дарга, цэрэг солигддог. Яг ажил жигдрээд явахаар дарга нь солигдчихдог. Энэ бол маш буруу тогтолцоо. ЭТТ бүх нүүрсээ Чалкод өгсөн гэж болохгүй. Нэгэнт их хэмжээний урьдчилгаа төлбөрөө авчхаж байгаа учраас зүүн захын нүүрсний 30 хувийг Чалко-д өгнө үлдсэн хувийг Япон, Солонгосын худалдан авагч нарт өгнө гэж гэрээ хийж байсан” гэв.