Монгол Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Энхбат өнөөдөр (2023.12.15) Бүгд Найрамдах Хятад Ард Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд, хатагтай Шэнь Миньжуань-тай уулзлаа.
Уулзалтын эхэнд Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Энхбат БНХАУ-аас Монгол Улсад суух Элчин сайдаар томилогдон, үүрэгт ажилдаа орсон хатагтай Шэнь Миньжуань-д баяр хүргэж, ажиллах хугацаандаа өөрийн мэдлэг чадвар, туршлагаа хоёр улсын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг бүхий л салбарт өргөжүүлэн хөгжүүлэхийн зэрэгцээ хоёр улсын хууль тогтоох байгууллага хоорондын хамтын ажиллагаанд дэмжлэг үзүүлж ажиллана гэдэгт итгэлтэй байна гэлээ. Тэрбээр, сүүлийн жилүүдэд манай хоёр улсын найрсаг харилцаа, харилцан ашигтай хамтын ажиллагаа эрчимтэй хөгжиж байгаа бөгөөд хоёр улсын дээд, өндөр түвшний харилцан айлчлал, уулзалтын давтамж нэмэгдэж байгаа нь хоёр улсын улс төр, эдийн засаг, иргэд хоорондын харилцан итгэлцлийг гүнзгийрүүлэх чухал түлхэц болж байна. Үүнд Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын хорооны дарга Ли Жаньшу-гийн 2022 онд Монгол Улсад хийсэн албан ёсны айлчлал амжилтай болсон нь хоёр улсын хууль тогтоох байгууллагуудын харилцаа, хамтын ажиллагаа ахисан болохыг онцлон тэмдэглэв.
Элчин сайд, хатагтай Шэнь Миньжуань Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзаж байгаадаа баяртай байна гээд манай хоёр улсын харилцаа, тэр дундаа хууль тогтоох байгууллага хоорондын хамтын ажиллагаа идэвхтэй хөгжиж байгааг дурдаж, томилогдоод удаагүй ч манай хоёр улсын төрийн тэргүүн нарын “Бүс ба зам” олон улсын хамтын ажиллагааны дээд түвшний чуулга уулзалтын үеэр нэгдсэн ойлголцолд хүрсэн ажлуудыг бодит ажил хэрэг болгох, хууль тогтоох байгууллага хоорондын харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэхийн төлөө ажиллахаа илэрхийлэв. Тэрбээр, сүүлийн жилүүдэд манай хоёр улс хоорондын төрийн дээд, өндөр түвшний айлчлалын давтамж нэмэгдсэн хэдий ч ирэх онд БНХАУ, Монгол Улс хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жил, Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай гэрээ байгуулсны 30 жил, парламент хоорондын байнгын ажиллагаатай хамтарсан механизм байгуулсны 10 жилийн ой тохиохтой холбогдуулан хамтран зохион байгуулах ажилд дэмжлэг үзүүлэн ажиллах, цаашдын хамтын ажиллагаанд Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн даргын саналыг сонсохыг хүсье гэлээ.
Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Энхбат хэлэхдээ, Монгол Улсын Их Хурал, Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурал хооронд байгуулсан хамтын ажиллагааны байнгын механизмын үйл ажиллагааг эрчимжүүлж, Байнгын хороод хоорондын хуралдааныг тогтмол зохион байгуулах нь чухал юм. 2024 онд Монгол Улсын Их Хурал, Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурал хоорондын байнгын зөвлөлдөх уулзалтын механизмын 5 дахь удаагийн хурал болно. Энэхүү арга хэмжээ Монгол, Хятадын хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ой, парламент хоорондын байнгын ажиллагаатай хамтарсан механизм байгуулсны 10 жилийн ойн үеэр зохион байгуулагдаж буйгаараа чухал ач холбогдолтой юм.
Иймд тус хурлыг үр дүнтэй зохион байгуулах үүднээс холбогдох бэлтгэлийг эртнээс хангах хэрэгтэй гэж бодож байна. БНХАУ-ын Худалдааны яамнаас зохион байгуулдаг төрийн албан хаагчдыг чадавхжуулах сургалтад манай албан хаагчдыг хамруулж, Улсын Их Хурлын Тамгын газрын хүний нөөцийн чадавхыг дээшлүүлэхэд дэмжлэг үзүүлэн ажилласан Элчин сайдын яамны хамт олонд талархал илэрхийлье. Мөн БНХАУ-ын Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын хорооноос Хятадын ард түмний найрамдалт нөхөрлөлийн илэрхийлэл болгон хоёр сая юанийн өртөг бүхий техник, тоног төхөөрөмжийг Монгол Улсын Их Хуралд хүлээлгэн өгсөнд чин сэтгэлийн талархал илэрхийлье. Бид хоёр улсын хууль тогтоох дээд байгууллагын Тамгын газар хоорондын хамтын ажиллагааг цаашид идэвхжүүлэн өргөжүүлэх сонирхолтой байна. Түүнчлэн, бид Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн болон байнгын хороодын хуралдааны дуу, дүрсний системийг иж бүрнээр нь шинэчлэхээр төлөвлөж байна. Үүнд албан хаагчдаа орчин үеийн техник технологийн хөгжилтэй нийцсэн, шинэлэг дуу, дүрсний техник хэрэгслийн судалгаа хийх чиглэлээр танай улсад зохион байгуулагддаг үзэсгэлэн яармаг оролцуулах, богино хугацааны сургалтад хамруулах хүсэлтэй байна гэлээ.
Элчин сайд, хатагтай Шэнь Миньжуань хэлэхдээ, 2024 он бол манай хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаанд тэмдэглэлт олон үйл явдалтай чухал жил болох төдийгүй Монгол Улсын Их Хурлын хувьд ч нэгэн шинэ түүхийн хуудас бичих жил болно. Монгол Улсын Их Хурлын ээлжит сонгуулийн дүнд 126 гишүүнтэй болно. Үүнд Улсын Их Хурлын Тамгын газрын хүний нөөцийн чадавхыг дээшлүүлэх, Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн болон байнгын хороодын хуралдааны дуу, дүрсний системийг иж бүрнээр нь шинэчлэхэд бидний зүгээс бүхий л талаар дэмжлэг үзүүлэхэд бэлэн байна. Энэхүү завшааныг тохиолдуулан Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн даргыг БНХАУ-д айлчлахыг урьж, манай хоёр улсын хууль тогтоох дээд байгууллага, түүний Тамгын газар хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэхийн төлөө ажиллана гэлээ.
Талууд Монгол Улсын Их Хурал, Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурал хооронд байгуулсан хамтын ажиллагааны байнгын механизмын үйл ажиллагааг эрчимжүүлэх, Байнгын хороод хоорондын уулзалтыг тогтмолжуулах зэрэг бусад асуудлаар санал солилцлоо. Уулзалтад Улсын Их Хурлын Тамгын газрын дэд дарга Ц.Батбаатар, Цахим парламент, инновацын газрын дарга С.Тамир, Гадаад харилцааны хэлтсийн дарга С.Даваадаш, Захиргаа, хүний нөөцийн хэлтсийн дарга Б.Пүрэвдагва, Бүгд Найрамдах Хятад Ард Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны Элчин зөвлөх Жан Мүшин болон бусад албаны хүмүүс байлцав гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.