ШСБХТ-ийн Мэдээлэл дүн шинжилгээний хэлтсээс хийсэн судалгаагаар төрийн албаны чадамжийг дээшлүүлэх ажлын хүрээнд дараагийн 4 сард ажлаас гарах магадлалтай албан хаагчдыг таамаглалаа. Ингэхдээ машин сургалт, эконометрикийн салбарт хамгийн өргөн ашиглагддаг “Logistic regression” буюу “суурь загвар”-ын аргыг сонгож тооцоолол хийн сүүлийн жилүүдэд олон салбарт томоохон дэвшлүүдийг авчраад буй “Neural Network” загвар ашиглажээ.
Төрийн албанаас гарч болзошгүй албан хаагчдыг урьдчилан таамаглах судалгааны үр дүнд боловсруулсан загварууд маань өндөр оновчлолтой бөгөөд загваруудыг ашиглан төрийн албанд ажиллаж байгаа өндөр ур чадвартай албан хаагчдыг төрийн албанаас гарахаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах боломжтой. Харин өнөөгийн эрх зүйн зохицуулалтын хүрээнд уг асуудлыг хэрхэн зохицуулж, хэрэгжүүлэх нь тодорхойгүй тул цаашид анхаарах шаардлагатай болохыг судалгаагаар харж болно.vСудалгаагаар чамлахааргүй үр дүнгүүд гарч байгаа боловч загварчлалд ашигласан хувьсагчид хатуу шинж чанартай, цаг хугацааны туршид төдийлөн өөрчлөгдөхгүй тул (Жишээ нь, хүйс, аймаг, нас, туршлага) энэ загварууд хамгийн төгс бус, учир дутагдалтай талууд ч мөн бий.
Иймээс төрийн албан хаагчидтай биеэр уулзаж, албан хаагчдын ажиллах орчин, нөхцөл байдлыг судалж, тэдний оролцоотойгоор төрийн албандаа тогтвор суурьшилтай ажиллахад нь юу саад болж байгаа, юу дэмжлэг болж болох, төрийн албанаас, ажлаасаа гарахад ямар хүчин зүйлүүд нөлөөлж байгааг төрийн албан хаагчдын цахим болон ярилцлагын судалгаануудаар дэлгэрүүлж судлах шаардлагатай.