Цахим хөгжил харилцаа холбооны сайд Н.Учрал “PUBG Mobile” цахим спортын дэлхийн аваргын тэмцээнд I, II, IV байранд шалгарсан залуусыг өнөөдөр хүлээн авч уулзан, шагнал гардуулсан. Үүнд олон нийт хоёр талтай байр суурь илэрхийлж, шүүмжлэл өрнүүлж байна.
Үүнд сайд Н.Учрал “Цахим спорт цахим эдийн засагт том хувь нэмэр оруулдаг болсныг нийгэмд болон улс төрчдөд ойлгуулах гэж аваргуудыг хүлээж авсан. Үгүй бол И-Спортынхныг зүгээр нэг цахим тоглоомчид гэж хараад байдаг хүмүүс бас олон байна. Дэлхийн хэмжээнд 2022 оны нийт орлого нь 3.8 тэрбум доллар хүрсэн. Цахим спортын салбарын эдийн засгийн жилийн өсөлт 8.65 хувиас дээш байна. Манай баг тамирчдын гадаадын тэмцээн уралдаануудаас авсан шагналууд бол Монгол улсын энэ салбарын экспортын орлого гэж ойлгох нь зүйтэй.
Залуусаа ийм амжилт гаргаад ирэхэд нь салбарын яам нэг хүлээж аваад урам өгөхөд юу нь болохгүй байна.
И-Спортын амжилтад нөлөөлөх томоохон хүчин зүйл нь интернетийн хурд. Үүнээс шалтгаалан тамирчдын зүгээс Монгол улсаас тэмцээн уралдаанд оролцох, бэлтгэл хийхэд энгийн хэрэглээний интернетийн хурдны хоцрогдол тодорхой хүндрэл учруулдаг талаар саналаа илэрхийлсэн. Одоо тэд интернетийн үйлчилгээ үзүүлэгч компаниудаас энгийн хэрэглэгчийн түвшний интернет хэрэглэдэг. Өөрөөр хэлбэл И-спорт гэдэг энэ мэргэжлийн шинэ төрлийн спортын бэлтгэл хийх, тэмцээн уралдаанд оролцоход хоцрогдол багатай өндөр хурдны интернетийн урсгал шаардлагатай. Иймд Монгол улсын олон улсын интернетийн гарцтай өндөр хурдны сүлжээгээр шууд холбож, хоцрогдол багатай интернетийн үйлчилгээгээр 1 жилийн турш хангах асуудлыг төрийн өмчит Мэдээлэл холбооны сүлжээ ХХК хариуцан ажиллаж, дэмжлэг үзүүлэхээр боллоо.
Мөн Цахим элчээр тодруулж ирэх жил тэмцээн уралдаанд ороход нь виз болон бусад шаардлагатай зүйлсээр Засгийн газар, яамны зүгээс дэмжихээ илэрхийлсэн.
Залуусаа ийм амжилт гаргаад ирэхэд нь салбарын яам нэг хүлээж аваад урам өгөхөд юу нь болохгүй байна. Харин шагналын татварын хувьд давхар татварын гэрээтэй орноос авсан шагнал учир давхар татвар тооцохгүй гэж ТЕГ-аас мэдээлэл авлаа. Угаасаа шагналын татвар нь тус орондоо төлөгдсөн байна” гэж цахим хуудсандаа байр сууриа илэрхийлжээ.