Ногоон санхүүжилтийн их өгөгдлийн дэд бүтцийг ашиглан нэгдсэн систем хөгжүүлж байгааг “Уур амьсгалын ногоон санхүүжилтийн талаарх хэлэлцүүлгийн” үеэр Монголбанк мэдээллээ. Ингэснээр ногоон, тогтвортой санхүүжилтийн үр дүнг хэмжих, тайлагнах, баталгаажуулах боломжтой болох аж.
Мөн ногоон зээлийн статистик нь аль банк энэ чиглэлд идэвхтэй ажиллаж байгааг ялган тодорхойлох, бодлогын дэмжлэг, хөнгөлөлт үзүүлэх суурь нөхцөл болно гэж үзэж байна.
“Тогтвортой санхүүжилтийн үндэсний замын зураг”-ийн хүрээнд 2030 он гэхэд банкнуудын ногоон зээлийн багцыг нийт зээлийн 10 хувьд хүргэх зорилт дэвшүүлсэн. Одоогоор банкнууд ногоон бонд гаргах, гаднаас эх үүсвэр татах зэргээр идэвхжиж ногоон зээлийн багц таван хувьд хүрч байгаа”-г Монголбанк мэдээллээ.
Түүнчлэн Төрөөс Мөнгөний бодлогын талаар 2024 онд баримтлах үндсэн чиглэлд “Тогтвортой хөгжлийн зорилтын таксономи”-д
- Органик хүнсний тариалалт, үйлдвэрлэлийг тодорхой тусгах
- Төрийн дэмжлэгтэй хэрэгжиж буй санхүүжилтийн тодорхой хэсгийг тухайн таксономитой уялдуулах зэрэг заалт оруулсан байна.
- Мөн ипотекийн зээлийн хөтөлбөрийг орон нутагт түлхүү чиглүүлэх, ингэхдээ пассив барилга буюу ногоон, эрчим хүчний хэмнэлттэй байх зэрэг нөхцөлийг харгалзахад анхаарч байгааг Төв банк мэдээллээ.