Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар Монголын байгаль орчны иргэний зөвлөлийн үндэсний чуулганд оролцож үг хэллээ.
Тэрбээр хэлсэн үгийнхээ эхэнд, Монголын байгаль орчны иргэний зөвлөл Монгол Улсын байгаль орчин, экологийн өмнө тулгамдаж байгаа асуудлуудыг хэлэлцэж, гарц, шийдлийг тодорхойлохоор ээлжит үндэсний чуулганаа зохион байгуулж байгаа нь хүн төрөлхтний оршихуйн үндэс болсон байгаль эхийг хамгаалах, нөхөн сэргээх, хэтийн доройтлоос сэргийлэхэд өндөр ач холбогдолтойг цохон тэмдэглэв.
Монгол Улсад уур амьсгалын өөрчлөлт, хотжилт, уул уурхай, үйлдвэржилт, хүний зохисгүй үйл ажиллагаанаас хөрсний нэлээд хувь нь доройтож, гол горхи, нуур цөөрөм, булаг шанд ширгэснийг олон судалгааны дүн харуулж байгааг дурдаж, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд төрийн бус байгууллагуудын оролцоо, манлайлал чухал үүрэгтэйг онцоллоо.
Тухайлбал, Монгол Улсад сүүлийн 80 жилийн хугацаанд дунджаар жилийн агаарын хэм 2.25-аар нэмэгдэж, хур тунадас 8 хувиар буурснаас гадна нийт нутаг дэвсгэрийн 4.7% нь нэн хүчтэй, 18.6% нь хүчтэй хөрсний доройтолд өртөж, 8 аймгийн нутаг дэвсгэрийн 50% нь цөлжсөн байна.
Түүнчлэн Монгол Улс ирэх 2026 оныг “Бэлчээр ба нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдийн олон улсын жил” болгох НҮБ-ын Ерөнхий Ассамблейн тогтоолыг санаачлан батлуулсныг дуулгав.