Авлигын эсрэг НҮБ-ын конвенц нь авлигатай тэмцэх, түүнээс урьдчилан сэргийлэх ажиллагааг дэлхийн жишигт нийцүүлэн хэрэгжүүлэх, авлигын гэмт хэргийн улмаас бий болсон хөрөнгөөр гадаад улсад худалдан авсан хөрөнгийг буцаан авчрах чиглэлээр бусад улстай хамтран ажиллах боломжийг гишүүн улс орнуудад олгодог.
Монгол Улс нь тус Конвенцыг 2005 оны 10 дугаар сарын 27-ны өдөр соёрхон баталжээ. НҮБ-ын Мансууруулах бодис, гэмт хэрэгтэй тэмцэх алба гишүүн орнуудын Конвенцоор хүлээсэн үүргээ хэрхэн хэрэгжүүлсэн байдалд үнэлгээ хийдэг.
2009 оны 11 дүгээр сард Катар Улсын Доха хотноо болсон НҮБ-ын Авлигын эсрэг конвенцод оролцогч талуудын бага хурлын 3 дугаар чуулганаар конвенцын хэрэгжилтийг тайлагнах, түүнд дүн шинжилгээ хийх, үнэлэх тогтолцоог боловсронгуй болгох талаар хэлэлцэн, улс орнуудын хууль тогтоомж, захиргааны дүрэм журам, байгуулал, хөтөлбөрүүд (de jure болон de facto) Конвенцын шаардлагад хэрхэн нийцэж байгаад үнэлгээ хийх шинэ механизмыг баталж, 2010 оноос эхлэн олон улсын шинжээчдийн баг Монгол Улсад ажиллаж, конвенцын хэрэгжилтийн өөрийн үнэлгээ хийх шинэ механизмыг танилцуулан семинар зохион байгуулж холбогдох арга зүйн туслалцаа үзүүлэн ажилласан.
Энэ журмаар 2010 онд Монгол Улсын Авлигын эсрэг НҮБ-ын конвенцын III (Авлигын гэмт хэргийг гэмт хэрэгт тооцох, хууль сахиулах), IV (Олон улсын хамтын ажиллагаа) бүлгийн хэрэгжилтийг Иемен, Кени Улсууд үнэлсэн бол 2022 онд Монгол Улсын Авлигын эсрэг НҮБ-ын конвенцын II (Урьдчилан сэргийлэх), V (Хөрөнгө буцаах) бүлгийн хэрэгжилтийг Буркина Фасо, Сингапур Улсууд үнэлжээ.
2022 онд хийсэн Конвенцын II, V бүлгийн үнэлгээгээр гадаад улсын зөвлөхүүд Монгол Улсад төрийн худалдан авах ажиллагаа, төрийн алба, шүүх, хууль сахиулах байгууллагуудын шударга байдлыг нэмэгдүүлэх, авлигын гаралтай хууль бус хөрөнгийг хураах, эрх зүйн харилцан туслалцаа үзүүлэх зэрэг чиглэлээр зөвлөмж өгсөн байна.
Дээр дурдсан үнэлгээний тайлан болон бусад Конвенцын хэрэгжилтийн үнэлгээтэй холбоотой мэдээллийг үзэх бол энд дарна уу.