УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ нарын 2023 оны 6-р сарын 10-ны өдөр өргөн мэдүүлсэн Газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл мөн Тариалангийн тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслүүдийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна.
Хуулийн төсөлд өвөлжөө, хаваржааны зориулалтаар газар эзэмшиж буй иргэн эзэмшлийн газартаа гэр бүлийн хэрэгцээнд зориулж төмс, хүнсний ногоо, жимс, жимсгэнэ, таримал ургамал тариалж болно, иргэнд гэр бүлийнх нь хамтын хэрэгцээнд зориулан нэг удаа үнэ төлбөргүй эзэмшүүлэх газрын хэмжээ хувийн гэр, орон сууцны зориулалтаар 0,07 га, өвөлжөө, хаваржааны зориулалтаар 1,5 га-аас тус тус илүүгүй байна, өвөлжөө, хаваржааны доорх газрыг Монгол Улсын иргэн гэр бүлийн хамтын хэрэгцээнд дундаа эзэмшиж болно зэрэг заалтууд оржээ.
УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн: Хуулийн төслийг дэмжиж байна. Гурван зүйлийг хориглох ёстой. Өвөлжөө, хаваржааг нэг цэгт нь зөвшөөрмөөр байна. Хоёр газар тариалан хийхээр хашаалсан байдал үүсгэх талтай. Зөвхөн өвөлжөөний хэсэгт буюу нэг цэгт нь тариалан эрхлэх боломжтой болгож хязгаарлах ёстой. Хоёрт хашаалахгүй байхад анхаарах ёстой. Гуравт иргэнд 1.5 га газрыг өвөлжөө хаваржааны зориулалттай олгоно гэвэл энэ манай улсын нутаг дэвсгэр хүрэлцэхгүй. Өрх болгох хэрэгтэй. Зарим малчид өрхийн гишүүн бүрийн тоогоор өвөлжөө, хаваржаа эзэмшээд түүнийгээ түрээсэлж байна. Иргэдэд нэг буруу ойлголт төрөөд байгаа юм. Иргэдэд 1.5 га олгоно гэхээр хаших гэж байгаа юм байна гэж ойлгоод байна. Зохицуулалтыг нэг бүрчлэн нарийн хийх хэрэгтэй.
УИХ-ын гишүүн Х.Туваан: 1 га гэдэг бага байна. Ядаж 3 га байвал нэгийг нь өөрөө хэрэглээд хоёрыг нь зарах юм уу асуудал байж болно. Хадлангийн газар гэж хашаалж байгааг хэрхэн шийдвэрлэх вэ. Шийдэл байна уу. Өвөлжөө, хаваржаанд бас асуудал байна. Уяа, жорлонгийн асуудал эзэмшлийн газартаа орохгүй. Тэгэхээр үүнийг бас анхаарах хэрэгтэй.
УИХ-ын гишүүн Г.Ганболд: Тусгай хамгаалалттай газар амьдарч байгаа иргэд, малчдын өвөлжөө, хаваржааг эзэмших боломжгүй байдаг. Энэ хуульд туссан байгаа юу, тусаагүй бол оруулаад явах боломжтой юу.
Ажлын хэсгийн гишүүн Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газрын Хуулийн хэлтсийн дарга Энхтуяа: Тусгай хамгаалалтад авсны дараа өвөлжөө, хаваржааны зориулалтаар олгохгүй. Өмнө өгсөн газрыг бол үргэлжлүүлэн ашиглах боломжтой.
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан 10:00 цагт эхлэх товтой ч 10:45 цагт ирц бүрдэж эхэллээ. Чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх асуудлын өмнө гишүүд үг хэлж байна.
УИХ-ын гишүүн Н.Ганибал: Хоёр хоногийн өмнө болсон цасан шуурганы улмаас олон хүн цасанд төөрч, эрэн хайж байна. Өвөлжилт хүндэрч байгаа үед яаралтай арга хэмжээ авмаар байна. Өвөлжилттэй холбоотой махны асуудал үүсэж байна. Хүнсний хувьсгал гээд 1.8 их наяд төгрөг хаана байна. Энэ өвөл их онцлог байна. Гэнэт хүйтэрч, гэнэт дулаарч байгаагаас болоод өвс тэжээл дарагдаж байна. Малчдад уриалахад өвлийн улиралд байнгын дулаан хувцастай малаа маллаж байх хэрэгтэй.
УИХ-ын гишүүн Ш.Адъшаа: Өнөөдөр Монгол Улсад хүний эрх, эрх чөлөө, хэвлэлийн эрх чөлөө анхаарал татах хэмжээнд байна. Хэвлэл мэдээлэл, сошиал ертөнц хаашаа яваад байна вэ. Бага насны хүүхдийг гэмт хэрэгт уриалсан, хүчирхийлэл садар самуун, үндэстэн ястны хооронд яс хаясан, Монгол Улсын гадаад бодлогод нөлөөлсөн, нийгмийн тархийг угаах асуудал хэрээс хэтэрч байна. Монголын төр анхаарч, ажил хийхгүй юм уу. Бид яах вэ улс төрчид уул усны зурагтай хаягаас доромжлуулахыг тэснэ, гэтэл Монгол Улсын аюулгүй байдал, гадаад дотоод бодлогод нөлөөлөхүйц болоод эхэллээ. Бид энэ талаар арга хэмжээ авах үүрэг, эрхтэй гэж бодож байна. Энэ асуудлыг УИХ дүгнэлт хийж, яаралтай арга хэмжээ авмаар байна. Төлбөртэй, төлбөргүй бусдыг доромжилдог юм байдаг юм байна гэж бодъё, гэтэл нийтийн эрх ашгийг хамгаалах гэж бид орж ирсэн шүү дээ. Улс орон хаашаа явна, түүнийг засаж залруулах явдлыг бид хийх чадамж байна уу. Бид яагаад шийдвэр гаргахгүй байна, ямар нөлөөлөлд автаад байна.
УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар: Шатахуун орж ирж байна уу гэдэг асуултад хариулъя. Орж ирж байна. Манай улсын сарын дизель түлшний хэрэглээ 92 мянга, АИ-92 шатахууных 53 мянган тонн байдаг. Шатахуун орж ирсээр байна. ОХУ бусад улс руу нийлүүлэх түлшиндээ хязгаарлалт тавьсан байсан. 21 хоног юу ч орж ирээгүй, энэ хориг зөвхөн Монгол Улсад тавигдсан юм биш, дундад Азийн 3 улсаас бусад нь энэ хоригт орсон. Баруун аймгуудаар дизель түлшний нөөц хүндэрсэн байсан ч хоёр хоногийн өмнө боомтуудаар орж ирснээр хангамж тогтворжлоо. Уул уурхайн бүсүүдэд БНХАУ-аас түлш импортлон, евро-5 түлш хэрэглэхийг шахаж байна.